• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэгт оролцов

"Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан" төрийн бус байгууллагаас Дархан-Уул аймагт 2017 оны 10 сарын 24-ны өдөр Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь ахлах мэргэжилтэн Ц.Долгорсүрэн уг хэлэлцүүлэгт оролцлоо. Хэлэлцүүлэг нь орон нутагт тулгамдаж буй авлигатай холбоотой асуудлуудыг тодорхойлон, олон нийтийн зүгээс тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, нөлөөллийн ажлуудыг хэрхэн хамтран зохион байгуулах боломжийг эрэлхийлэх зорилготой байв. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь ахлах мэргэжилтэн Ц.Долгорсүрэн Комиссын орон нутгийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэж, Комиссоос 2017 онд УИХ-д өргөн барьсан илтгэл, өмнөх жилүүдэд өргөн барьсан илтгэлээс холбогдох асуудлыг танилцуулан, авлигагүй нийгмийн төлөөх нөлөөллийн ажилд хамтран оролцох боломжтой болохоо илэрхийлсэн юм.  
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс эмнэлэг, эмийн сан, цэцэрлэг, барилгын тендер шалгаруулалт, төрийн албанд ажилд орох гэх зэрэгт авлига хамгийн их байгааг нэрлэсэн бөгөөд хэлэлцүүлгийн үр дүнд тендер шалгаруулалтан дахь авлигатай тэмцэх чиглэлээр нөлөөллийн ажлыг чиглүүлэхээр болсон.  Мөн хэлэлцүүлэгт оролцогч Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.Юра Комисст хандан "ахмад настны эрхийг хангах, ялгаварлан гадуурхагдахаас урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхдийг хамгаалах" талаар онцгой анхаарал хандуулахыг хүслээ.