• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Онцгой Комиссын 2020 оны 11 дүгээр хуралдаан хэсэгчилсэн байдлаар хуралдлаа

Аймгийн Онцгой Комисс 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хэсэгчилсэн байдлаар хуралдлаа.

Хурлаар ажиглан тусгаарлах байранд байрласан иргэдээс авах зардлын талаар хэлэлцсэн байна. Манай аймгийн хувьд Төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд тусгаарлагдсан иргэдээс хоногт хоолны төлбөрт 10.000 төгрөг тооцон авч байгаа бөгөөд ажиглан тусгаарлах байранд байрлах 14 хоногийн хоол, бусад үйлчилгээний зардлыг иргэд өөрсдөө төлөх бөгөөд тус эмнэлгийн дулаан, цахилгаан, усны төлбөрийг аймгийн Онцгой Комиссоос дэд бүтцийн байгууллагуудад санал хүргүүлснээр тэглүүлэх шийдвэрт хүрсэн байна.

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 11 иргэн, 17-ны өдөр 10 иргэн нийт 21 иргэн 14 хоногийн ажиглалтын хугацаа дууссан тул аймгийн Шуурхай штабын шийдвэрийн дагуу ажиглалтаас гараад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар манай аймагт 112 иргэн ажиглан тусгаарлах байранд байна. Ажиглан тусгаарлах байранд байх иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбогдуулан хувийн хэвшлийн эмнэлгүүд тусгаарлах байранд ажиллах тогооч, үйлчлэгчийн тоог болон иргэдээс авах төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар санал гаргалаа.

Мөн хувийн хэвшлийн эмнэлгүүдийг ажиглан тусгаарлагдах байраар дайчлагдан ажиллах хугацаанд Эрүүл мэндийн эрсдэлийн сангаас санхүүжилтийг бүтнээр олгож өгөхийг Улсын Онцгой Комисс, Эрүүл мэндийн яам болон холбогдох бусад байгууллагад уламжлахаар болов.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Хэвлэл мэдээллийн алба