• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХҮНИЙ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг 2017 оны 4 сарын 27-28-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн төв Дархан хотод зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ нь ХЭҮК-ын үйл ажиллагааг орон  нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтын цогц арга хэмжээ юм.   "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээгээр ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн хууль хяналт, төрийн байгууллагын ажилтнуудад сургалт явуулах, Цагдаагийн газрын саатуулах баривчлах байр, ШШГЕГазрын харъяа Цагдан хорих баривчлах байрны нөхцөл байдалтай танилцаж, хяналт шалгалт хийхээс гадна иргэд болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт хийнэ.  Дээрх уулзалтанд оролцох хүсэлтэй иргэд, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд ХЭҮК-ын Дархан-Уул аймаг дахь ахлах мэргэжилтэн Ц.Долгорсүрэнтэй 7037-0722, 99741065 утсаар, Аймгийн ЗДТГазрын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Чагнаадоржтой 99033559 дугаарын утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.