• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг "Хүний эрхийн олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 70 дахь жилтэйгээ золгож байна.  Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан уриалгын дагуу дэлхий нийтээр иргэд, байгууллага, нийгмийн бүхий л хүрээний оролцоотойгоор хүний эрхийн асуудлыг хөндөж, эрхийнхээ төлөө тэмцэх, эрхээ шаардах талаар кампанит ажлыг бүтэн жилийн турш зохион байгуулахаар ажиллаж байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь ахлах мэргэжилтэн Ц.Долгорсүрэн, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Монголын Хуульчдын холбооны Дархан-Уул аймаг дахь салбар, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл хамтран 2017 оны 12 сарын 08-ны өдрийн 10.00-17.00 цагт Аймгийн Засаг даргын Тамгын газрын 1 давхарт Иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх, харъяалах асуудлаар гомдол, хүсэлт хүлээн авах арга хэмжээг зохион байгуулна.  Мөн Олон улсын Хүний эрхийн өдрийг угтан "Хөдөлмөрийн харилцаа ба хүний эрх" сэдэвт хэлэлцүүлэг тус өдрийн 10.00-12.00 цагт Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд болох тул иргэд та бүхнийг дээрх ажлуудад идэвхитэй хамрагдахыг урьж байна.