• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Коронавирусын оношлуур Дархан-Уул аймагт байхгүй тул дээжийг Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулаад байна

ШУУРХАЙ МЭДЭЭ:

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас онц байдал зарласантай холбогдуулан Эрүүл Мэндийн Яамнаас өдөр бүр Коронавирусын тархалт, өвчлөлийн талаар нээлттэй мэдээллийг цахим орчинд шууд мэдээлж байгаа. Өнөөдөр өглөө буюу 2020 оны Хоёрдугаар сарын 05-ны өдөр хийсэн тус мэдээлэлдээ Дархан-Уул аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэн хэмээн мэдэгдсэн.

Сэжигтэй тохиолдлоор бүртгэгдээд буй иргэнийг одоогоор Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлан хянаж байна. Тэрбээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт Хоёрдугаар сарын 04-ний өдөр ханджээ. Халдвар илэрсэн улс орноос ирсэн учир коронавирусын халдвар тээгч байж болзошгүй хэмээн сэжиглэж буй эмэгтэй нь Тайвань улсад 21 хоног хугацаатай аялж, Нэгдүгээр сарын 30-ны өдөр Монгол улсад буусан байна. Тухайн иргэн "Улаанбаатарт аавтайгаа гэртээ байж байгаад, Дарханд хувийн унаагаараа ирсэн бөгөөд ирсэн даруйдаа эмнэлэгт хандсан" хэмээн мэдүүлжээ.

Энэ хугацаанд маск байнга зүүж, өөрийгөө хамгаалж байсан гэнэ.

Өнөөдрийн байдлаар халуураагүй, бага зэрэг ханиалгаж, цээжээр хөндүүрлэж, биеийн байдал хөнгөн байгаа бөгөөд Дарханд зохих бүх төрлийн шинжилгээг авахад шинжилгээний хариу хэвийн гарсан байна.

Харин коронавирусын оношлуур Дархан-Уул аймагт байхгүй учир дээж авч Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулаад байгаа юм байна. Тус шинжилгээний хариу 24 цагийн дараа буюу маргааш өглөө 10:00 цагт гарна хэмээн Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт, шинжилгээ үнэлгээ, мэдээллийн хэлтсийн дарга н.Одонтунгалаг мэдээллээ.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын МТА