• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

12 аймаг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах сайн туршлагуудаа хуваалцав

Жендэрийн Үндэсний Хорооноос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Үндэсний хөтөлбөрийг танилцуулах, хуулийн хэрэгжилтийг орон нутгийн дэд хөтөлбөрөөр дэмжих, төрийн албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх зорилгоор бүсийн сургалт, семинаруудыг шат дараатай зохион байгуулсаар байна. Энэ удаад Дархан-Уул аймагт Зүүн, Говийн, Төвийн бүсийн 12 аймаг харилцан туршлага солилцов.

Өнгөрсөн онд зохион байгуулсан сургалтаар олж авсан мэдлэгтээ тулгуурлан аймаг бүр орон нутагтаа нэг ажлыг хэрэгжүүлэх даалгавар авчээ. Энэ сарын 4,5-ний өдрүүдэд Завхан аймагт баруун бүсийн аймгууд үндэсний хэмжээнд нэвтрүүлэх сайн туршлагаа шалгаруулсан байна. Тухайлбал Завхан аймаг малчдын залгамж халааг бэлтгэхэд туршлага болохуйц, орон нутгийн туршлагатай ахмад малчдын хүрээнд “Ахмад малчны зөвлөх үйлчилгээ”-г хөгжүүлж байгаа бол Ховд аймаг нүүдэлчин малчдын өрхийн хэрэгцээнд нийцсэн, гэр бүлийн янз бүрийн насны эрэгтэй, эмэгтэй хүнд ээлтэй дэвшилтэт орон сууцны шинэ загварыг туршин хэрэгжүүлж байгаа ажээ.

Харин энэ удаад Зүүн, Говийн Төвийн бүсийн 12 аймгийг хамруулсан семинар Дархан-Уул аймагт 2019 оны 6 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү семинарт аймгууд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах сайн туршлагуудаа танилцуулж харилцан туршлага судлаж туршлагаа хуваалцав. Мөн энэ үеэр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр өнгөрсөн онд Жендэрийн салбар хорооноос ирүүлсэн тайланг хэлэлцэж, 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх юм байна.