• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа

 
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ)-ийн Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг нь НҮБ-ын гишүүн 193 улсын хүний эрхийн төлөв байдлыг 4,5 жил тутам тогтмол дүгнэн хэлэлцдэг хүний эрхийн механизм билээ. Монгол Улс хүний эрхийн төлөв байдлаа 2010, 2015 онд 2 удаа хэлэлцүүлж, нийт 289 зөвлөмж хүлээн авсан. Дараагийн хэлэлцүүлэгт 2020 онд орох бөгөөд хүлээн авсан зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлсэн тухайгаа тайлагнах үүрэгтэй. 2015 онд болсон хоёр дох хэлэлцүүлгээс нийт 160 зөвлөмж өгснөөс 150 зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэх үүрэг амлалт авч, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батласан байдаг. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Хүний эрхийн форум хамтран Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн талаар үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг 3 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Анхдагч хэлэлцүүлгийг 21 аймагт ХЭҮК-ын орон нутгийн ажилтнууд, аймгийн иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах бөгөөд Дорноговь аймагт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр орон нутгийн үйл ажиллагаа сэдвийн хүрээнд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн оролцоонд тулгуурлан 2018 оны 02 сарын 10-ний өдрийн 14:00 цагт Дорноговь аймгийн Хүүхдийн ордонд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Дорнын манлайлагч залуус ТББ ,орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага, нийгмийн ажилтан нар оролцлоо. Дорноговь аймгийн хувьд төдийгүй Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн асуудал нь нэн тулгамдсан асуудал бөгөөд орон нутагт хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой байна гэж оролцогчид зүгнэлээ.