• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА

“Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж 2020 оны 04 сарын 24-ний өдөр баталлаа.

Монгол Улсын анхны Архивын тухай хууль 1998 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 22 жилийн дараа шинэчлэгдэн батлагдаж байна. Хуулийн төслийг боловсруулахдаа архив, албан хэрэг хөтлөлтийн талаар олон жилийн түүх, соёлтой бусад орны хууль тогтоомж, олон улсын стандартыг харьцуулан судлахын зэрэгцээ өөрийн орны архив, бичиг соёлын түүхэн уламжлал, архивын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд гарч буй ололт, туршлагад тулгуурлан боловсруулсан юм.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль нь 7 бүлэг 51 зүйлтэй бөгөөд албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг анх удаа хуулийн хэм хэмжээгээр зохицуулахаар тусгасанаараа онцлог юм. Ингэснээр баримт бичигтэй ажиллах албан хаагчдын хариуцлага сайжирч, түүнчлэн архивын баримтын зэрэглэлийг тогтоох, архивын сан хөмрөгийн нэгдсэн бүртгэл хөтлөх, цахим албан хэрэг хөтлөлт, цахим архивын асуудлыг зохицуулсан хэм хэмжээг шинэчлэх зэрэг зохицуулалтыг хуульчилснаар архивын үйл ажиллагаа улсын хэмжээнд нэгдсэн тогтолцоогоор явагдах боломж бүрдэх юм.

Түүнчлэн цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх, цахим архив бүрдүүлэх, хувийн хэвшил, аж ахуй нэгжийн архивын баримтыг хадгалах үйлчилгээг бий болгох, төрийн архивын мэргэжлийн, мэргэшсэн ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор мөнгөн урамшуулал олгох талаар тусган батлууллаа.