• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ, ЖУРАМ

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам боловсруулан баталсан байна. Уг журам дараах онцлог зохицуулалтыг тусгасан байна

Хоёр. Сул орон тоог нийтэд зарлах

2.1.Төрийн жинхэнэ албан тушаал (цаашид “албан тушаал” гэх)-ын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш долоо хоногийн дотор төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлнэ. Зөвлөл сул орон тооны мэдээллийг тухай бүр цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ.

2.2.Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог дараах дарааллаар нөхнө:

2.2.1.шатлан дэвшүүлэх журмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас;

2.2.2.удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс.

2.3.Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх, туслах албан тушаалын сул орон тоог дараах дарааллаар нөхнө:

2.3.1.шатлан дэвшүүлэх журмын дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас;

2.3.2.төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс;

2.3.3.нээлттэй сонгон шалгаруулалт зарлах.

2.4.Туслах түшмэлийн албан тушаалын сул орон тоог нөхөхөд энэ журмын 2.3-т заасан дараалал харгалзахгүй бөгөөд төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс нөхнө.