• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сүхбаатар аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээ зохион байгуулна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь (цаашид "ХЭҮК” гэх) "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Монгол Улсын 21 аймагт зохион байгуулж ирсэн уламжлалтай. "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ нь ХЭҮК–ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд олон нийт, төрийн байгууллага албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааг хийх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг тодорхой байгууллагууд дээр зохион байгуулах, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, төрийн байгууллагуудаас нийтээр мөрдөх хэм хэмжээ тогтоосон захиргааны актуудад дүн шинжилгээ хийх, сум орон нутгийн иргэдтэй уулзалт хийх зэрэг цогц арга хэмжээ юм. Сүхбаатар аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг 2018 оны 6 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулна.