• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Үндэсний Комиссын Сүхбаатар аймаг дахь ажилтанд хэрхэн гомдол гаргах вэ?

2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдсанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын ажиллах эрх зүйн орчин бүрдсэн билээ. Хууль 6 бүлэг, 26 зүйлтэй бөгөөд Комисс, түүний гишүүний бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт, хүний эрх, эрх чөлөөг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл Комисст гомдол гаргах, шийдвэрлэх журмыг зохицуулдаг. Ийнхүү 2001 онд Монгол Улсад Парисын зарчмуудад нийцсэн Хүний эрхийн Үндэсний Байгууллага байгуулагдлаа. Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 3.1-д "Комисс нь Монгол Улсын Үндсэн Хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих байгууллага мөн" гэж заасан. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороонд "А" статусаар магадлан итгэмжлэгдсэн, Ази Номхон Далайн Бүс Нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагын Чуулганы бүрэн эрхт гишүүн юм. КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ Комисс нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус байх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шударга, ил тод байх зарчмыг баримталдаг. Аливаа аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн Комисс, түүний гишүүний үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно. ЭРХЭМ ЗОРИЛГО Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсийг манлайлна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, ажилтнууд БИД: ·Хараат бус байр суурийг чанд баримталж, хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүргээ шинжлэх ухаанчаар, мэргэжлийн түвшинд явуулж, ·Хэлэлцэж, зөвшилцөж, бусдаас тасралтгүй суралцаж, ·Олон ургалч, хариуцлагатай, эвсэг, мэргэшсэн баг, тааламжтай ажиллах орчин бүрдүүлэх замаар эрхэм зорилгодоо хүрнэ.   КОМИССЫН БҮРЭН ЭРХ ·Монгол Улс дахь хүний эрхтэй холбоотой аливаа асуудлаар санал гаргах ·Хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар зөвлөмж, санал гаргах ·Олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулахад санал өгөх Түүнчлэн Комиссын гишүүн Улсын Их Хурлын чуулган, Засгийн газрын хуралдаанаар хүний эрхтэй холбогдсон асуудал хэлэлцэхэд Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын хүсэлтээр зөвлөх эрхтэй оролцох, хүний эрхийн асуудлаар судалгаа хийх зорилгоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, хэрэгсэхгүй болгосон, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүү, иргэний хэргийн материалтай танилцах, холбогдсон хууль, тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий албан тушаалтан, байгууллагад уламжлах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. ГОМДОЛ ГАРГАХ ЖУРАМ Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч Комисст гомдол гаргах эрхтэй. Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын иргэний адил Комисст гомдол гаргах эрх эдэлнэ. Иргэний эрхийн бүрэн чадамжгүй, зарим буюу хэсэгчилсэн чадамжтай хүнийг түүний хууль ёсны төлөөлөгч-эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь, түүнчлэн сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүнийг хуульд заасан төлөөлөгч нь төлөөлж, гомдол гаргаж болно.   Гомдол гэж юу вэ? "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д тодорхойлсноор "гомдол” гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь иргэдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд энэхүү зөрчлийг арилгуулахаар зохих байгууллагад хандаж гаргасан хүсэлт юм. ХЭҮК-т ямар гомдол харьяалах вэ? Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн тохиолдолд Комисст гомдол гаргах эрхтэй. ХЭҮК-т хэн гомдол гаргаж болох вэ? ·Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч; ·Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн; ·Иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй, зарим буюу хэсэгчилсэн чадамжтай хүнийг түүний хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч нь төлөөлж; ·Сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүнийг хуульд заасан төлөөлөгч нь төлөөлж; ·Төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэлийн байгууллага төлөөлөгчөөрөө дамжуулж тус тус гомдол гаргана. ХЭҮК-т хэрхэн гомдол гаргах вэ? Гомдол гаргагч эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн өдрөөс, эсхүл зөрчигдсөн гэдгийг мэдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор, монгол хэл дээр, амаар болон бичгээр гаргана. Комисст гаргах гомдол дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: ·Гомдлоо захиргааны журмаар шийдвэрлүүлсэн байх; ·Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжид заасан ямар эрх зөрчигдсөн болохыг тодорхой заах; ·Өөрийн нэр, оршин суугаа газрын болон шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсгээ зурсан байх; ·Гомдолд холбогдож буй аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүний нэр, хаяг, утасны дугаар холбогдох бусад баримтыг хавсаргах; Гомдлыг ямар хугацаанд шийдвэрлэх вэ? Комисс гомдлыг хүлээн авснаас хойш 30-60 хоногт багтаан хариу өгнө. Гомдол хүлээн авах: Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Сүхбаатар аймаг дахь хүний эрхийн ажилтанд Хаяг: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 7 дугаар баг, АЗДТГазар,108 тоот Утас:70510222 Факс:70510222 Вэб хуудас: www.mn-nhrc.orgИ Мэйл хаяг: Sukhbaatar@mn-nhrc.org