• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гомдол шийдвэрлэх ажиллагаа

 Иргэд гомдол, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлж байгаа нь нэг талаас Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, эрх ашгаа хамгаалуулж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаагийн нэг илэрхийлэл бөгөөд нөгөө талаас төрийн байгууллага ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож, нийгмийн амьдралд болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг сайжруулах, боловсронгуй болгох, хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлэл авч байгаа нэг хэлбэр юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Комисс нь хүний эрхийг сахин хамгаалах чиг үүрэгтэй ба тус чиг үүргийн хүрээнд хүний эрхийн зөрчлийн талаарх гомдлыг хүлээн авч, шалгаж, шийдвэрлэдэг. "Хүний эрхийн зөрчил” гэж үндэсний, бүс нутгийн, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенциор баталгаажуулсан хүний эрхийг төр, засгийн байгууллагууд зөрчсөн, төрөөс хамааралтай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тэдгээр эрх зүйн хэм хэмжээнээс урган гарах хууль зүйн үүрэг биелэгдээгүй байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэр Хүний эрхийн сонгодог ойлголтоор ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧ буюу төр нь хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргийг хүлээдэг. Тиймээс дээрх үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас зөрчигдсөн бүх эрх нь хүний эрхийн зөрчилд хамаардаг. Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийн зөрчлийн талаарх гомдлыг хүлээн авч, шалгаад байгууллага, албан тушаалтанд зөвлөмж, шаардлага хүргүүлэх, шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах, эвлэрүүлэн зуучлах байдлаар шийдвэрлэдэг. 2017 оны хагас жилийн байдлаар Хүний эрхийн Үндэсний Комисст Төв аймгаас 6 иргэн өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байна.