• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр

 Олон улсын хөдөлмөрийн байгууллага(ОУХБ)-ын тооцоолсноор дэлхий дахинаа нийт хүүхдийн 11 хувь буюу 168 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Эдгээр хүүхдүүдийн бараг тал хувь нь эрүүл мэндэд хортой, аюултай ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт сул, ажлын зохион байгуулалт оновчгүй байгаагаас гэмтэх, бэртэх, өвчин эмгэг тусах, улмаар нас барах эрсдэлд хүрдэг байна. Хүүхдийн хөдөлмөр нь сурч боловсрох, эрүүл байх боломжийг үгүйсгэж, ядуурлыг гүнзгийрүүлж байдаг тул хүний үндсэн эрхийн зөрчил гэж үздэг. Энэ нь эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж, улмаар насанд хүрэгчдийн хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсийг бууруулах үр дагавартай тул хувь хүн, гэр бүл, цаашлаад макро эдийн засгийн хувьд ч сөрөг нөлөөтэй байдаг. Монгол Улс 2001 онд нэгдэн орсон 1999 оны Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай конвенц(Дугаар 182)-ийн 3-р зүйл, 2016 оны 2-р сард шинэчлэн батлагдсан  "Хөдөлмөрийн сайд Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон Ажлын байрны жагсаалт” А36 тоот тушаалд хүүхдийн хөдөлмөрийн талаар нарийвчлан зохицуулж өгсөн байдаг. Хүүхдийн хөдөлмөр дундаас хамгийн сүүлд хийсэн нэмэлтээр жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаанд хүүхэд оролцохыг хориглосон байдаг. Гэтэл Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолоор хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахаар гаргасан шийдвэрийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд Дүнжингарав-2017 төвийн бүсийн хаврын уралдаан болов. Төв аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын газраас ирүүлсэн мэдээлээр: 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр  "Дүнжингарав – 2017” хаврын хурдан морин уралдаанд эрлийз дээд насанд-70,  азарганд- 172, их насанд- 103, соёолонд – 150, нийт 495 морь уралдсанаас эрлийз дээд насанд – 2,  азарганд – 4, их насанд – 9, соёолонд – 18  нийт 33 уралдаанч хүүхэд мориноос унасан байна. Үүнээс 31 хүүхэд хөнгөн, 2 хүндэвтэр гэмтэл авсан хүүхдийг дараагийн шатны эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулсан байна.