• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Ойрад" хөгжимт жүжгийн театрт хяналт шалгалт хийв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаярын 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан нэгдсэн удирдамжийн дагуу Увс аймгийн "Ойрад” театрын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Комиссын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул хяналт шалгалт хийв. Хяналт шалгалт явуулах болсон үндэслэл нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь хэсэгт "Комиссын гишүүн гомдлын мөрөөр аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд дангаар буюу төрийн эрх бүхий байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд санал болгосны үндсэн дээр хамтран шалгалт явуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн нэр бүхий иргэдээс ирүүлсэн гомдлын мөрөөр хяналт шалгалтыг хийсэн болно. Хяналт шалгалтын зорилго нь "Ойрад” театрын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх болон ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилт нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Олон улсын гэрээгээр баталгаажуулсан хэм хэмжээнд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, холбогдох эрх бүхий албан тушаалтанд Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг хүргүүлж хүний эрхийг сахин хамгаалахад оршиж байлаа. Хяналт шалгалтыг тус театрын ажилтнуудтай бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага хийх, санал асуулга авах, холбогдох албан тушаалтнаас амаар болон бичгээр тайлбар авах, холбогдох баримт материалыг гаргуулан авах, баримтжуулах зэрэг аргачлалаар явууллаа. Хяналт шалгалтын дүнг Комиссын дарга, гишүүд гаргана.