• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Увс аймагт хүний эрхийн чиглэлээр томоохон ахиц дэвшил гарлаа

Увс аймагт хүний эрхийн зөрчил гаргахгүй байхад чиглэсэн нэгэн томоохон ажил энэ оны 1 дүгээр сард хийгдсэн байна. Энэ нь аймгийн Цагдан хорих шинэ байр ашиглалтанд орж нээлтээ хийсэн явдал юм. Тус цагдан хорих байрны шинэ барилгын ажлын гүйцэтгэл дуусаж, дотоод тохижилтын ажил үргэлжлэн хийгдсэн бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын сүүлчээр нээлтээ хийсэн байна. ШШГЕГ-ын захиалга, хөрөнгө оруулалтаар баригдсан уг барилгын нөхцөл байдалтай танилцлаа. Ийнхүү танилцахад бүх өрөөг хянагч дэлгэцээр харж байх камерийн систем  суурилуулсан, агааржуулалт, гэрэлтүүлэг, халаалт дулаан шаардлагын түвшинд хүрсэн, эргэлт уулзалтын 2 өрөө, нарлагааны хэсэг, өмгөөлөгчийн өрөө, байцаалтын өрөө, гал тогоо, давхар бүрт халуун ус гэх мэт орчин нөхцөлтэй холбогдсон асуудлыг шийдсэн байх бөгөөд орчин үеийн стандартын шаардлага хангасан тус цагдан хорих байр нээлтээ хийснээр цагдан хорих байрны орчин нөхцөлтэй холбогдсон хүний эрхийн зөрчил арилах нөхцөл бүрдсэн байна гэж үзлээ. Түүнчлэн уг цагдан хорих байранд цагдан хорих байрны дарга, эмч, хянагчид болон бусад албан хаагчид тус бүртээ өрөөнд байрлаж, тохилог орчинд албан үүргээ гүйцэтгэж ажиллах боломжтой болсон байна. Цагдан хорих байрны нөхцлийн тухайд тус цагдан хорих байр нь 1 дүгээр давхарт 6, 2 дугаар давхарт 15, нийт 21 хорих өрөөтэй, үүнээс сахилгын 1, хүүхдийн 1, эмэгтэйчүүдийн 2 хорих өрөөтэй, хорих өрөө бүр бий засах суултуур, ариун цэврийн тосгууртай, багтаамжийн хувьд 18м2 хэмжээтэй байна. Тус цагдан хорих байр нь агааржуулалт, дулаан, гэрэлтүүлэг, ариун цэврийн хувьд стандартын шаардлага хангаж байгаа тухай мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулсан байна. Ийнхүү цагдан хорих шинэ байртай болсоноор нөхцлийн эрүү шүүлт буюу цагдан хоригдож буй орчин нөхцөлтэй холбогдсон эрүү шүүлт гарах магдалал буурч байна. Харин субъектив хүчин зүйл буюу тухайн хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч гэх мэт албан хаагчтай холбогдсон  эрүү шүүлт гарч болохыг үгүйсгэх аргагүй юм.