• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Увс аймгийн Засаг даргад Комиссын дарга, гишүүний зөвлөмж, шаардлага хүргүүллээ

Увс аймгийн нутаг дэвсгэрт өвөл, хаврын /хүйтний улиралд/ хурдан морины уралдааныг зохион байгуулахгүй байх, хурдан морь унаач хүүхдийн хичээл завсардах нөхцөл байдал үүсдэг тул ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад энэ улиралд хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хичээлийн чөлөө олгохгүй байх, сумдын засаг дарга нарт дээрх асуудлаар үүрэг өгч биелэлтийг хангуулж ажиллах Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын Зөвлөмжийг Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханд хүргүүллээ. Мөн Увс аймгийн "Ойрад" хөгжимт жүжгийн театрын ажилтнуудын аюулгүй ажлын байранд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч, тус барилгыг шинээр барих, түүнд зарцуулагдах төсвийн асуудлыг даруй шийдвэрлүүлэх, тус театрын даргын өрөөнд байрлуулаад байсан гэх сонсох төхөөрөмж, дүрс бичлэгийн камерийн асуудлыг таслан зогсоох, энэ төрлийн зөрчлийг дахин гаргуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээг авах, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд жендерийн эрх тэгш байдлыг хангах талаарх ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгаж мөрдөж ажиллах, төрийн албан хаагчдад ажлын байрны дарамт үзүүлэх, хөдөлмөрийн аливаа харилцаанд давуу байдал тогтоох, ялгаварлан гадуурхах явдлыг гаргуулахгүй байхад анхаарч, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж ажиллах талаар тодорхой арга хэмжээг авах, ажил хавсран гүйцэтгэсний, илүү цагаар ажилласны болон долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй тохиолдолд нэмэгдүүлсэн цалин хөлс олгох хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллах, хүний эрхийн зөрчил гаргасан холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, цаашид аливаа хөдөлмөрийн харилцаанд хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний Шаардлага хүргүүллээ. Зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар 30 хоногийн дотор, Шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар 7 хоногийн дотор Комисст хариу ирүүлэх хуулийн хугацаатай юм.