• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Онцгой Комисс хуралдав

Монгол Улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос аймаг, сумаас гарах, хот хоорондын зорчигч тээврийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 3-р сарын 10-ны өдрийн 08:00 цагаас 3-р сарын 16-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргасан.

Тэгвэл өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.

Хурлаар аймгийн Засаг даргын захирамжийн дагуу хяналтын пост цэгүүдэд ажиллах мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдыг томилгоожуулан ажиллуулах, тэднийг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулан хоол хүнс, аюулгүй байдлыг хангуулах заавар зөвлөмж өгч ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлагууд, сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.

Мөн өнөөдөр буюу 3-р сарын 10-ны өдрийн 22:00 цаг хүртэл сумдаас Жаргалант сум руу, Жаргалант сумаас бусад сумд руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй байхаар шийдвэрлэлээ. Уг хугацаанаас хойш хүндэтгэн үзэх шалтгааны улмаас аймаг, сум хооронд зорчих иргэдийн нотлох баримтыг үндэслэн зорчуулах эсэхийг шийдвэрлэж ажиллах юм.

Түүнчлэн өнөөдрийн хурлаар 3-р сарын 16-ныг хүртэл Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундааны зүйлийг худалдаалахыг хориглох шийдвэрийг гаргаж ажиллахаар боллоо.