• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бүсийн зөвлөгөөнд оролцлоо

Швейцарийн Хөгжлийн Агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төсөл Ашигт малтмалын газартай хамтран 2015 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулсан "Орон нутгийн хөгжилд бичил уурхайгаас оруулж буй эдийн засгийн хувь нэмэр” сэдэвт зөвлөгөөнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн ахлах мэргэжилтнүүд оролцлоо.
Тус зөвлөгөөнд оролцсон ХЭҮК-ын ахлах мэргэжилтнүүд ХЭҮК-оос Швейцарийн Хөгжлийн Агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төслийн санхүүжилтээр хийсэн 2 судалгааны тайланд тусгагдсан бичил уурхай дахь хүний эрхийн асуудал, 2012 онд ХЭҮК-оос зохион байгуулсан "Уул уурхай ба хүнй эрх” сэдэвт олон улсын бага хурлаас бичил уурхайн асуудлаар гаргасан зөвлөмжийн агуулга, Комиссын хуулиар хүлээсэн чиг үүрэг, сүүлийн 2 жилд анхаарч ажиллаж байгаа хүний эрхийн асуудал, ирэх 5 жилийн стратеги төлөвлөгөөний тэргүүлэх чиглэл, зорилтууд зэрэг асуудлаар мэдээлэл хийж, бичил уурхайгаар ашигт малтмал ашиглах журамд заасны дагуу төрийн албан тушаалтан ямар үүрэг хүлээж ажиллах ёстой, үүнийг хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээн дэх хандлагын асуудалтай хэрхэн холбож үзэх тухай асуудлаар илтгэл тавилаа.    Зөвлөгөөнөөр Бичил уурхай эрхлэгч, Хувиараа ашигт малтмал олборлогч, тэдгээрийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлын талаарх мэдээллийг орон нутгийн удирдлагууд, бичил уурхай эрхлэгчид болон бусад оролцогчид хүргэж, санал бодлоо солилцож, саад бэрхшээл, сайн туршлагаа ярилцаж, хэлэлцүүлэг зохион байгуулсан нь ач холбогдолтой байлаа. Мөн Төвийн, Баруун, Говийн болон зүүн бүсийн зөвлөгөөнөөс гарсан санал санаачлага, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар нэгдсэн Зөвлөмж гаргаж ажиллахаар шийдвэрлэсэн байна.