• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Далай ээж олон улсын эко-соёлын аян-2019"

Олон улсын хэмжээнд цэвэр ундны ус, ариун цэврийн байгууламжийн асуудлыг хүний эрхийн асуудал хэмээн хүлээн зөвшөөрч баталгаажуулжээ.

Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь цэвэр ундны усны асуудалд анхаарал хандуулан Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран "Далай ээж олон улсын эко-соёлын аян-2019" арга хэмжээнд нэгдэж, хамтран ажиллаж байна.

"Далай ээж олон улсын эко-соёлын аян-2019" арга хэмжээ энэ сарын 11-17-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд дэлхийн 8 улсын зураач, хөгжимчид, дуучид, байгаль хамгааллын судлаач зэрэг 25 уран бүтээлчид оролцлоо. Уг төсөл арга хэмжээ нь Хөвсгөл нуурын байгаль экологийн болон соёлын үнэ цэнэ, ач холбогдлыг олон улсын төдийгүй үндэсний хэмжээнд таниулах, тус нуур, нуур орчмын онгон байгалийг НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгаль хамгаалах соёл, эрх зүйн мэдлэгийг урлагаар дамжуулан түгээх зорилготой юм.

Дашрамд дурдахад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь ундны ус, ариун цэврийн байгууламжийн асуудлаар Улсын Их Хуралд 6 удаа илтгэл хүргүүлж, санал өгч байжээ.