• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хамтарсан сургалт боллоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар олон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд "Тэгш нийгэм холбоо" төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд 2 талын ажилтнуудыг мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулдаг.

2019 оны 06 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо тус төрийн бус байгууллагын орон нутаг дахь салбарын ажилтнууд болон Комиссын 21 аймаг дахь ажилтнуудыг хамруулсан 2 дахь удаагийн сургалтыг "Хөгжлийн бэрхшээл ба Жендэрийн тэгш байдал" сэдвээр зохион явуулав.

Сургалтаар жендэрийн тэгш байдлын талаарх олон улсын эрх зүйн зохицуулалт, жендэрийн ялгаварлан гадуурхалт ба жендэрт суурилсан хүчирхийлэл, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал зэрэг сэдвээр мэдээлэл сонсч, харилцан туршлага солилцов.

Энэ удаагийн сургалтын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох арга зүйд суралцуулах явдал юм.