• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улс 2019 оны Хүний эрхийн олон улсын өдрийг “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” уриан дор тэмдэглэхээр болсон билээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын эвсэл, Хүний эрхийн форумтай хамтран хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан нийслэл Улаанбаатар хот, 21 аймагт 2019 оны 12 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд хүний эрхийн хэлэлцүүлэг, хүний эрхийн хамгаалагчдын хамгаалах эрх зүйн нөхцөл байдал, иргэдэд хууль зүйн зөвлөгөө, сургалт, соён гэгээрүүлэх аяныг зохион байгуулахаар болсон.

Энэхүү ажлын хүрээнд Комиссын Хөвсгөл аймаг дахь ажилтан аймгийн Иргэний нийгмийн байгууллагын Зөвлөл, “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-тай хамтран “Хамтдаа эрхээ хамгаалцгаая” хэлэлцүүлгийг төрийн захиргааны байгууллага, хуулийн байгууллага, хүний эрхийн хамгаалагчид болох иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөллүүдийг оролцуулан зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Комиссын орон нутаг дахь ажилтан “Хүний эрхийн хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төслийг товч танилцуулж, мэдээлэл хийлээ. Мөн сургалтын оролцогчид хүний эрхийг хамгаалагчдыг орон нутагтаа хэрхэн хамгаалах талаар ярилцаж хэлэлцүүлгээс гарсан саналыг орон нутгийн удирдлагуудад хүргэж, орон нутагт ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо. Тус хэлэлцүүлгийн явцын талаар аймгийн Хөвсгөл, Далай ээж телевизүүдэд ярилцлага өгсөн бол орой нь Хөвсгөл телевизийн хэлэлцүүлэгт оролцсон байна.