• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхэд хамгааллын асуудлаар хамтран ажиллах

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан "Гэр бүл дэх хүүхэд хамгааллын асуудал” сэдэвт уулзалт хэлэлцүүлэгт оролцлоо. Тус хэлэлцүүлэгт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд дэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисс, аймгийн Цагдаагийн газар, Шүүх, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагын газар зэрэг төрийн байгууллагуудаас гадна "Төгс зохицол”, "Сүүн тахилт”, "Мөрөн үр жимстэй гэр бүл” ТББ-уудын төлөөлөл оролцож өөрсдийн байгууллагуудын талаар мэдээлэл хийв. Хэлэлцүүлэгт аймгийн ГБХЗХГ-ын дарга Ч.Дашбаяр Солонгос улс дахь хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийн хүчирхийллийн асуудлаар туршлага судласан талаар танилцуулж цаашид орон нутагт дээрх асуудлыг шийдвэрлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах, хамтран ажиллахдаа хүчирхийллийн асуудлаар орон нутагт дорвитой томоохон ажил хийх талаар санал бодлоо солилцсны дагуу эхний ээлжинд Мөрөн суманд сар бүрийн нэг тогтсон өдөр хүчирхийллийн хохирогчдод туслах, тэднийг сонсох, хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг нь холбогдох байгууллагад зуучлах, шаардлагатай баримт бичгийг нь гаргуулахад туслах, эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө, нөхөн сэргээх үйлчилгээ зэргийг нэг дор үзүүлэх "Нэг цэгийн үйлчилгээ”-г байгуулахад хамтран ажиллах ажлыг санаачилж энэ асуудлыг аймгийн удирдлагуудад танилцуулж өрөө байрны асуудлыг шийдвэрлүүлэхээр боллоо.