• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Эерэг хандлага, ээлтэй дэд бүтэц” аяны хүрээнд хяналт шалгалт явуулав

Хөгжлийн бэрхшээлтэй хүний дэд бүтцийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх “Эерэг хандлага, ээлтэй дэд бүтэц” аяныг Хөвсгөл аймгийн хэмжээнд 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай зарлаж, аймгийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/383 дугаартай захирамжаар ажлын хэсэг байгуулагдав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын тус аймаг дахь ажилтан болон аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Хараагүйчүүдийн холбооны төлөөлөл багтсан байна.

Хяналт, шалгалтын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгэмд тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, орчны дэд бүтцийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд оршино.

Шалгалтыг 2019 оны 10 дугаар сарын 28, 30-ны өдрүүдэд зохион байгуулж, Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 28 байгууллага хамрагдав. Хяналт шалгалтын үр дүнг аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хамрагдсан байгууллагуудад холбогдох байгуулагуудаас зөвлөмж, шаардлага хүргүүлэхээр төлөвлөөд байна.