• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААН ДАХЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ БА ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

Хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт ба хүний эрхийн зөрчил сэдвийн хүрээнд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын зар хүлээн авах цэгүүдээс ажилд авах тухай ажил олгогчийн зүгээс тавьсан заруудыг түүж ажиглалт хийхэд нийт заруудын 90% -д нь тодорхой шалгуур заасан байна. Үүнд нас, хүйс, царай төрх, боловсрол, эдийн засгийн байдал, ажиллаж байсан туршлага зэргийг тухайлан зааж өгсөн байна. Иргэн ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ байгуулснаар хөдөлмөрийн харилцаанд ордог гэж тодорхойлдог. Монгол улсын иргэн хөдөлмөр эрхлэх нь түүний үндсэн хуулиар зааж өгсөн журамт үүрэг учраас хөдөлмөрийн насны бүх хүн аж байдал, амжиргаагаа сайжруулах зорилгоор ажил хөдөлмөр эрхлэх ёстой болдог. Гэтэл ажил олгогч иргэнийг ажилд авахдаа Үндсэн хууль, Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль, Хөдөлмөрийн хууль зэрэг олон эрх зүйн хэм хэмжээг зөрчиж хүнийг нас, хүйс, гадна төрх, боловсрол, эдийн засгийн байдал, ажиллаж байсан туршлага зэргээр нь ялгаварлан гадуурхаж байгаа нь хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлал гэж ойлгож байна.