• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өвөрхангай аймгийн иргэд эрхийнхээ төлөө жагсаж байна.

"Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байгаа Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан Оролцооны эрхийг баталгаажуулъя сэдэвт олон нийтийг хамарсан жагсаал Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сумын төв талбайд зохион байгуулагдлаа. Тус жагсаалд төрийн болон төрийн бус байгууллагууд анх удаа төв талбай дээрээ хүний эрхийн төлөө нэгдэн жагссан нь онцлог байлаа. Олон улсын хүний эрхийн өдрийг жагсаалыг нээж Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж, ХЭҮК-ын Өвөрхангай аймаг дахь ахлах мэргэжилтэн Т.Осоржамаа нар үг хэлж, төрийн бус байгууллагын төлөөллүүд тодорхой эрхийн хүрээнд үзэл бодлоо иргэд олон нийттэй хуваалцсан үйл явдал боллоо. Жагсаалд аймгийн ЗДТГ-ын харъяа хэлтэс, агентлагууд, багийн иргэд, ХЭХТ-ийн харъяа Мөнгөн хуримтлалын бүл, Арвайхээр хотын ахмадын зөвлөл, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Хас хэлхээ, Спорт аялалын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Өсвөрийн илч, Ажил олгогч эздийн холбоо, Хариуцлагатай залуу манлайлагч, Залуусын илч, Монголын залуучуудын холбоо зэрэг төрийн бус байгууллагууд оролцлоо.