• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ж.Бямбадорж: Мал, бэлчээр гэж яриад байдаг болохоос биш малчдын нарийн харилцаа руу тэр бүр орж чадахгүй байна

Малчин хүн гэдэг нийгэмшиж, нийгмийнхээ дотор байх ёстой. Малчин эрчүүд мал хуй гэж явж байгаад сумын төв ордог. Тэнд найз нөхөд, хамаатан садангаараа явж сэтгэл санаагаа сэргээж байгаад буцдаг. Харин малчин эмэгтэйчүүд тав суурин газарт оччихоод гэртээ буцахаас татгалздаг болсон байна. “Би буцаж очихгүй” гээд дөрвөн настай хүүхдээ орхиод явж байгаа тохиолдлыг сумын удирдлага ярьж байсан. Үүнээс болж гэр бүл салж байна. Ийм олон жишээ бий. Аргагүй эрхэнд зургаан настай хүүхдээ сургуульд оруулахаар эхнэр сумын төвд ирдэг. Төвд ирээд зарим нь буруу тал руугаа нийгэмших нь их байна. Тэгээд гэр бүл салдаг, бэлгийн замын халдварт өвчин гардаг. Энэ асуудлаар нэлээд олон зөвлөмжийг УИХ-д хүргүүлж байгаа.

Бид мал, бэлчээр гэж яриад байдаг болохоос биш малчдын нарийн харилцаа руу тэр бүр орж чадахгүй байна. Өнөөдөр коронавирус гээд айхавтар өвчин дэлгэрч байна. Өмнө нь ч иймэрхүү аюулт өвчин гарч л байсан. Түүнээс монголчууд бага хохиролтой үлдсэн нь бэлчээрийн малын буян. Өөрөөр хэлбэл, манай бэлчээрийн мал эрдэмтдийн хэлж байгаагаар 750-1500 төрлийн витаминт ургамал иддэг. Түүнийг нь бид хүнсэнд хэрэглэдэг учраас өвчинд тэсвэртэй байгаа юм. Коронавирустэй холбогдуулаад зарим хүмүүс энэ талаар санаа бодлоо илэрхийлж байна. Бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалж үлдье, монгол хүний генийг хүнсний болоод витамины хэрэгцээгээр хангаж байя гэвэл малчдын асуудлыг харгалзахаас өөр аргагүй байна. Малчдын асуудлыг харгалзахад гэр бүлийн асуудлыг авч үзэхээс өөр арга байхгүй. Өнөөдөр бид Европын холбоотой хамтран туслах малчны төслийг хэрэгжүүлж эхлэх гэж байна.