• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТГҮЙ ОРЧИН, СОЁЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ УРИАЛЛАА

Төрийн албаны тухай хуулиар төрийн албан тушаалыг эрхэлж, ажиллаж байгаа төрийн албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэхдээ албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, бэлгийн болон бусад байдлаар дарамт үзүүлэхийг хориглосон.

ХЭҮК-оос 2021 онд хийсэн Төрийн захиргааны албан дахь ажлын байрны бэлгийн дарамтын мэдлэг, хандлага болон тархалтын байдлын судалгааны дүн, Комисст иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллээс үзэхэд төрийн байгууллагын албан хаагчдад удирдлага, хамт ажиллагсдын зүгээс ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх явдал гарсаар байгаа нь нууц биш юм.

Иймд төрийн албаны хөдөлмөрийн харилцаанд ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, түүнийг үл тэвчих орчинг бүрдүүлэхэд төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын анхаарлыг хандуулах зорилгоор “Төр бол аюулгүй орчин” хэлэлцүүлгийг 2021 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүний эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулж байна.

Уг хэлэлцүүлэгт Комиссын гишүүн, доктор Д.Сүнжид “Төрийн захиргааны алба дахь ажлын байрны бэлгийн дарамтын мэдлэг, хандлага болон тархалтын байдал” судалгааг танилцуулж, Комиссын гишүүн, доктор Б.Энхболд Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх гадаад улсын сайн туршлага, Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир Комисст ирүүлсэн ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг өгч ажлын байрны бэлгийн дарамтгүй орчин, соёлыг төлөвшүүлэхэд манлайлан ажиллахыг оролцогчдод уриаллаа.

Хэлэлцүүлэгт яамдын төрийн захиргааны удирдлагын газрын болон харьяа тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд, Дүүргийн нийгэм, эдийн засгийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч нар хамрагдлаа.