• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ОЛОН НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ОРЧНЫ ХҮРТЭЭМЖИНД ТӨР, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТРАН ХИЙСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах зэрэг нийгмийн бүхий л хүрээнд бүрэн дүүрэн оролцох боломж нөхцөлийг бүрдүүлэх гол хүчин зүйл нь дэд бүтэц болон мэдээллийн хүртээмжтэй байдал юм. Манай улсад "Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин. Үндсэн шаардлага MNS6055:2009”, "Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан замыг төлөвлөх заавар MNS 6056:2009”, "Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зам. Техникийн шаардлага MNS 5682:2006” зэрэг стандартыг хэрэгжүүлж байна. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Авто замын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Барилгын тухай хуулиудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн саадгүй, аюулгүй хүрэх орчин нөхцөлөөр хангагдах тодорхой заалтууд тусгагдсан. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, жирэмсэн, сул биетэй хүмүүсийн саадгүй нэвтэрч, үйлчилгээ авах боломжтой, холбогдох стандартад нийцсэн барилга байгууламж, зам, нийтийн тээвэр, гарц, орц, зогсоол хангалтгүй хэвээр байсаар байна. Иймд Архангай аймгийн Засаг даргаар ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд төрийн болон хувийн хэвшилийн байгууллагуудын дэд бүтцийн хүртээмжийн байдалд үнэлгээ хийж, стандартад нийцүүлэх санал боловсруулах, шийдвэрлэх талаар тусгасан. Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтцийг сайжруулахаар зорин энэхүү үнэлгээний ажлыг төр болон төрийн бус байгууллагууд хамтран хийлээ. Зорилго: Эрдэнэбулган суманд байгаа барилга, байгууламжинд холбогдох стандартад нийцсэн эсэхэд үнэлгээ хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулан шийдвэрлүүлэх замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй орчинг бүрдүүлэхэд оршино. Хугацаа: Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа төр, Хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан "Хүртээмжтэй орчны үнэлгээ”-г 2018.04.25-2018.04.30-ны өдрүүдэд18 хүний бүрэлдэхүүнтэйгээр гурван баг болж нийт 71 байгууллагад үнэлгээ хийлээ.