• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

АТГ-ын ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөрөөр ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг Баянхонгор аймагт хоёр өдөр ажиллана. Тэд өнөөдөр шинэ тутам батлагдсан Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, төрийн албанд олон нийтийн тавих хяналтыг сайжруулах чиглэлээр Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Хөрөнгө орлогын мэдүүлэг өгөгч төрийн албан хаагчдад тухайн мэдүүлгийг өгөхөд анхаарах ёстой асуудал, энэ чиглэлд хийгдэж буй шинэчлэлийн талаарх мэдээллийг өглөө. Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрт улс төрийн хүрээнд шударга ёсыг бэхжүүлэх, шударга, хариуцлагатай ил тод нийтийн албыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагаа болон төсөв, санхүү, аудитын үйл ажиллаганы хяналт, хариуцлага үр ашгийг нэмэгдүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, иргэний нийгмийн байгууллагын идэвх, оролцоог дэмжих, чөлөөт, хараат бус хэвлэл, мэдээллийг хөгжүүлэх, мэргэшлийн ёс зүй, хариуцлагыг нь сайжрулах, авлигын эсрэг боловсролын түвшинг нэмэгдүүлэх болон олон улсын хэмжээнд хамтран ажиллах зэрэг чиглэлүүдийг тусгажээ. Тус ажлын хэсэг маргааш бизнес эрхлэгчдийн дунд "Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлнэ. Түүнчлэн аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, иргэдээс төсөөллийн судалгаа авахаар болжээ.Энэхүү ажлын хүрээнд Баянхонгор аймгийн 20 сумын ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн алба хаагчид, бизнес эрхлэгч, хуулийн байгууллагын ажилтан, алба хаагчид хамрагдах юм.