• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Б.ЭНХБОЛД: Э.ОДБАЯР ХОРИХ АНГИД БОЛСОН ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААР ӨӨРӨӨ МЭДЭЭЛНЭ ГЭСЭН

Б.ЭНХБОЛД:  Э.ОДБАЯР ХОРИХ АНГИД БОЛСОН ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААР ӨӨРӨӨ МЭДЭЭЛНЭ ГЭСЭН

ШШГЕГ-ын харъя Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй иргэн Э.Одбаяр, Б.Монголхүү нарын талаар хүний эрхийн үндэсний комиссоос тодрууллаа. Иргэн Э.Одбаярын хувьд өлсгөлөн зарласан байдалтай ХЭҮК-т хүсэлт илгээсэн бол Б.Монголхүүгийн хувьд эрүүл мэнд ямар нэгэн өөрчлөлтгүй хэвийн байна гэж мэдээллээ.

Нэр бүхий хохирогчдоос ирүүлсэн хүсэлтийн дагуу Комиссын зүгээс төлөвлөгөөт ажлынхаа хүрээнд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд цагдан хорих байранд биечлэн очиж уулзаж, тэдний санал хүсэлтийг нь сонсжээ. Энэ талаар тэрбээр “Цагдан хорих байрнаас биечлэн уулзах хүсэлт зургаан хүнээс ирсэн. Энэ зургаан хүнтэй төлөвлөгөө гаргаад 10 сарын 13-ны өдөр уулзсан. Энэ үед олны анхаарлыг татаад байгаа иргэн Б.Монголхүү, Э.Одбаяр нартай уулзаж биеийн эрүүл мэндийн хоригдож байгаа нөхцөл байдлыг давхар шалгасан. Эдгээр хүмүүс бидэнтэй уулзах ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Гэсэн хэдий ч бид уулзах хүсэлт тавьж нөхцөл байдлыг тодруулж ажилласан. Иргэн Э.Одбаярын өлсгөлөн зарласан, эрүүдэн шүүлтэд өртөж болзошгүй, олон нийтийн зүгээс таагүй нөхцөл байдалд байна гэсэн мэдээлэл бидэнд байсан. Бид хоригдож байгаа камерын нөхцөл байдалтай нь газар дээр нь очиж танилцсан. Хорих байр стандартын шаардлагыг хангасан өрөөнд ганцаараа байсан. Өлсгөлөн зарлаад хоёр хоног болж байгаа гэсэн мэдээлэл байсан учраас болсон үйл ядлыг тодруулсан. Бидэнд тавих санал хүсэлт, уламжлуулах зүйл байгаа эсэхийг бид асуусан. Өөр олон аргаар үзэл бодлоо илэрхийлэх талаар харилцан ярилцаж зөвлөгөө өгсөн.

Иргэн Б.Монголхүүтэй уулзаж санал хүсэлтийг нь сонссон. Тодорхой асуудлаар бидэнд санал хүсэлт тавиагүй. Харин Иргэн Э.Одбаяр 10 сарын 14-ны 11 цаг 30 минутад болсон шүүх хуралдаанд өөрийн биеэр, өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтийг уламжилж өгөх санал тавьж ХЭҮК Сүхбаатар дүүргийн шүүхэд дамжуулж өгсөн байна. Хорих ангид ямар үйл явц, процесс болдог талаар дараа нь өөрөө байр сууриа илэрхийлнэ  гэсэн” гэж ярьсан гэлээ.

Э.Одбаяр нь хоригдсоныхоо маргааш буюу 10 дугаар сарын 6-ны өдөр өлсгөлөн зарлах хүсэлт гаргасан. Түүний биеийн байдлыг үзэхэд шинжилгээгээр өөрчлөлттэй гарсан тул, шууд өлсгөлөн зарлавал биед нь сөрөг нөлөөтэйг танилцуулахад өмгөөлөгчтэйгөө ярилцсаны дараа өлсгөлөн зарлах эсэхээ шийдье гэсэн хариу өгч хүсэлтээ буцаан авсан.  Э.Одбаяр дахин хүсэлт гаргаснаар 10 сарын 11-ний өдрөөс эхлэн өлсгөлөн зарлах хууль, журмын дагуу албан ёсны бүртгэлд оруулж эмнэлгийн хяналтад авсан. Одоогоор түүний биеийн байдал, хэвийн байна гэсэн тайлбарыг ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдод тус ангийн удирдлага өгсөн байна.

“Болж байгаа нөхцөл байдлыг ХЭҮК байнга ажиглаж байгаа. 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрөөс эхэлсэн Б.Монголхүү, Э.Одбаяр нарын талбай дээр жагсаал цуглаан хийж, үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн эдгээр асуудалд анхаарал тавиад байгаа. Энэ баривчлагдсан асуудлыг прокурорын байгууллага, шүүхийн шийдвэрээр хийгдсэн дотоод захирамж нь гарчихсан ийм асуудал байгаа. Баривчлах үйл ажиллагаа хуулийн дагуу байсан уу хууль бус байсан уу гэдгийг бид бүхэн мэдээлэл, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар аваад ХЭҮК дээр дүгнэлт хийхээр ажиллаж байна.

Монгол хүн бүрд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх нь нээлттэй. ХЭҮК-ын зүгээс хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж, тэдний үйл ажиллагааг дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч тууштай дэмжин ажиллах болно” ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд хэлсэн юм.

Эх сурвалж: Өрөг.мн