• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бүсчилсэн сургалт явуулав

 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд 2016 оны 5 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд "Хөдөлмөрлөх эрх” сэдэвт бүсчилсэн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад зүүн бүсийн аймгуудын үйлдвэрчний эвлэлийн гишүүн, сонгуульт ажилтнууд, Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтнүүд, мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналт болон нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчид нийт 55 хүн хамрагдсан байна. Тус сургалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Б.Сэмжидмаа нь сургагч багшаар ажиллан "Хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагын чиг үүрэг ба Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа”, "Хүний эрхийн тухай үндсэн ойлголт”, "Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гишүүн, идэвхтэй, сонгуультан хүний эрхийг хамгаалагч болох нь” сэдвээр хичээл заалаа. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг дахь ахлах мэргэжилтнүүд 2015 оны бүсийн сургалтын үр дүнд гарсан зөвлөмжийн дагуу дээрх байгууллагуудын хамтын ажиллагаа, туршлага, орон нутгийн хэмжээнд хөдөлмөрлөх эрхийн асуудлаар тулгамдаж буй асуудлын талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах төлөвлөгөө боловсрууллаа.