• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛД ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Дархан-Уул аймгийн 2021, 2022 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан, аймгийн төрийн захиргааны 21 байгууллагын сургагч багш нарын “Жендэр-21” клуб идэвхтэй ажилласан, мөн Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумдад жендэрийн дэд салбар байгуулан гүйцэтгэлийн төлөвлөгөө баталж, үр дүнтэй ажилласан байна.

Хяналт шалгалтын дүнг үндэслэн цаашид авах арга хэмжээг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах шаардлагатай байгаа тул ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул зөвлөмж хүргүүллээ.

  1. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилт, уг хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүр орон нутгийн төсөвт тусгасан байдалтай танилцахад 2020 оны хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ 85,17% буюу 4.25 оноотой байх ба 8,600,000 мянган төгрөгийг төсөвлөсөн байна. Цаашид хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг нэмэгдүүлэх;
  2. Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2/А/161 дугаартай Хөдөлмөрийн дотоод журамдаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.1 дэх хэсэг, мөн зүйлийн 11.7 дахь хэсэгт заасан ажил олгогч нь ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах, бэлгийн болон бусад дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх, хуульд заасан ажил олгогч, ажилтны эрх, үүрэг зэргийг тусгаагүй байна. Иймд хөдөлмөрийн дотоод журамдаа дээрх зохицуулалтыг тусгахдаа Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо, Хүний эрхийн Үндэсний Комиссын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/107, A/02, 202, 02/009 тоот тушаалаар хамтран баталсан “Төрийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг шийдвэрлэх хэм хэмжээг тусгуулах, бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн үлгэрчилсэн заавар-ыг удирдамж болгон ашиглах;
  3. Мөн Хөдөлмөрийн дотоод журамдаа Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 39.1.12 дахь заалтуудыг нийцүүлэн, нарийвчлан тусган мөрдүүлэх;
  4. “Жендэр-21” клубын сургагч багш нарыг улам идэвхжүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих, мөн бүх нийтийн жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сургалт, гэгээрлийн ажлыг үе шаттай зохион байгуулахад тогтмол анхаарч, ажиллах;
  5. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн харилцаанд ажилтнуудыг хүйсээс нь хамааруулж ямар нэгэн байдлаар ялгаварласан, ялангуяа эмэгтэй ажилтнуудыг жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байхад нь ажлаас чөлөөлсөн, халсан тушаал шийдвэрийг гаргуулахгүй ажиллахад анхаарч, гарсан зөрчлийг таслан зогсоож, хариуцлага тооцдог байх;
  6. Жендэрийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээний дагуу гүйцэтгүүлж, 2020 онд 5,000,000 төгрөгийн төсөвлөж, тодорхой ажил зохион байгуулсан нь сайшаалтай байна. Цаашид иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, зардлыг төсөвт тусгаж, хамтын ажиллагааг тогтмолжуулах.

Энэхүү Зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлэх юм.