• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, вакцины асуудлаар мэдээлэл солилцлоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Д.Сүнжид нар 2021 оны 3 дугаар сарын 16-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин Төлөөлөгч Сергей Диордицатай цахимаар уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 онд УИХ-д өргөн барих “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-дээ коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын үеийн хүний эрхийн асуудлуудыг хөндөж байгаа бөгөөд иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хүрээнд вакцин хийлгэх эсэх, зорчих эрх болон бусад эрхэд хэрхэн нөлөөлөх, ковидын эсрэг вакцины төрлийн талаар сонирхож байгаагаа илэрхийлсэн юм.

IMG_0022.JPG

IMG_0021.JPG

Ноён, Суурин төлөөлөгч Сергей Диордица: ДЭМБ бүртгэгдсэн, гэрчилгээ авсан вакциныг тухайн улсад нэн яаралтай үед хэрэглэж болох баталгааг гаргадаг. Мэдээлэл ирүүлсэн 15 вакцинаас Pfizer, Moderna, AstraZeneca, Jonhson& Johnson гэсэн 4 төрлийг бүртгэсэн. Вакцинуудын хувьд богино хугацаанд бүтээсэн, шинээр гараад удаагүй тул цаашид үзүүлэх үр нөлөө, нарийвчилсан мэдээлэл цуглуулахад хугацаа шаардлагатай. Одоогоор туршилт хийсэн клиникийн түвшинд л яригдаж байна.

ДЭМБ-ын үүрэг нь вакциныг олон нийтэд хэрэглэхдээ эмнэл зүйн туршилтын хугацаанд аюулгүй, тодорхой үр дүн үзүүлсэн байхыг шаарддаг. Монгол Улсын Засгийн газар яаралтай үед хэрэглэж болох вакцины жагсаалтад орсон Pfizer, Moderna, AstraZeneca гэсэн вакциныг хэрэглэж болох талаар үндэсний эрх зүйн зохицуулалт гаргах болов уу гэж таамаглаж байна. Jonhson & Johnson шинээр бүртгэсэн тул хийлгэх боломжтой жагсаалтад нэмэгдсэн. БНХАУ, ОХУ-ын вакциныг хараахан бүртгээгүй байгаа ч, боломжит хугацаанд бүртгэгдэнэ. Зөвшөөрөгдөөгүй вакциныг хэрэглэх тохиолдолд Засгийн газарт анхаарал болгоомжтой байх, мэдээлэл цуглуулах, тодорхой хугацаанд вакцины хариу урвалыг мэдэгдэх хуудас, зааварчилгааг өгдөг. Манай байгууллага улс хооронд зорчихын тулд вакцины гэрчилгээ олгохыг зөвлөхгүй, энэ бол заавал хэрэгжүүлэх арга хэмжээ биш юм гэлээ.

Уулзалт хоёр талын мэдээллээр үргэлжилж, цаашид хамтран ажиллахаар боллоо. Цахим уулзалтад ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын Эрүүл мэндийн Тогтолцооны Зохицуулагч Моника Фонг, Хүний Эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ганбат, харилцаа, холбоо хариуцсан мэргэжилтэн Ц. Жаргалан, ХЭҮК-ын референтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнгэл нар оролцлоо.