• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, хүний эрхийн зарим асуудлаар санал солилцлоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, хүний эрхийг хангах, хамгаалах хүрээнд тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцов.

161702140_4137820786237660_6742136656816381328_n.jpg

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг Тогтвортой хөгжлийн зорилт-2030, "Алсын хараа-2050"-тай нийцүүлэн шинэчлэн хэрэгжүүлэх, Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийг тайлагнах, гэрээний хороодын зөвлөмжийг хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах зорилго бүхий бүтцийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг түшиглэн байгуулах, цахим шилжилт хийх E-Mongolia хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг цахимжуулах хүрээнд хүний хувийн мэдээлэл, олон нийтийн мэдэх эрхийг хангах талаар харилцан зөвлөлдөх, Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийн хүний эрхийн эрсдэлийг тооцоолох, хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал боловсруулах, сургуулийн боловсролын хөтөлбөрт хүний эрхийн хичээл ордог болгох; ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн хөтөлбөрт хүний эрхийн тусгайлсан хичээлийг судалдаг болгох, төрийн албан хаагчдад хүний эрхийн сургалт хийх, төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, ажлын үр дүнг үнэлэхэд хүний эрхийн шалгуур үзүүлэлт оруулах зэрэг асуудлыг анхаарч, хамтран ажиллах талаарх саналаа танилцууллаа.

Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын үйл ажиллагаа, бодлого, шийдвэрт хүний эрхийн асуудлыг чухалчлан үзэж байгаа бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын тавьж буй эдгээр санал, санаачлагыг дэмжин хэрэгжүүлэх талаар байр сууриа илэрхийллээ. Мөн иргэн Т.Чимгээ зэрэг эрүү шүүлт тулгах, хэрцгий хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцсан гэмт хэргийн хохирогчдын эрхийг сэргээх, дахин ийм төрлийн гэмт хэрэг гарах нөхцөл боломжийг бүрдүүлж гаргуулахгүй байх арга хэмжээг Ерөнхий сайдын хувьд авч хэрэгжүүлнэ гэсэн юм.

Эцэст нь цар тахлын нөхцөлд ХЭҮК болон УОК-ын ажлын уялдаа холбоог сайжруулах, УОК-ын хуралдаан, шийдвэрийн талаар харилцан мэдээлэл солилцох, хүний эрхийн зөрчил гаргахгүй байх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллах, зөвлөлдөхөөр хоёр талаас санал нэгдэж, энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдаас УОК-той хамтарч ажиллахыг дэмжинэ гэснээр энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.