Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан "Монгол Улс дахь Уул уурхайн бизнес ба Хүний эрх” сэдэвт олон улсын хурлыг 2012 оны 10 дугаар сарын 10, 11-нд зохион байгуулахтай холбоотойгоор ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ. Зарим эх сурвалжид өгсөн ярилцлагыг уншигч танаа толилуулъя.
Хүний эрхийн үндэсний комиссоос уул уурхайн бүс нутгуудад иргэдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар хяналт шалгалт, судалгааны ажил хийжээ. Уг хурлаар шалгалт, судалгааны явцад гарсан зөрчил болон уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг хэлэлцэж, асуудлыг шийдэх арга замыг эрэлхийлэх аж. Тиймээс хяналт шалгалтын хүрээнд ямар зөрчил илэрсэн болон хүний эрхийг хэрхэн хамгаалах талаар "Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.
-"Монгол Улс дахь Уул уурхайн бизнес ба Хүний эрх” олон улсын хурлыг ямар зорилгоор зохион байгуулж байна вэ. Үр дүн нь хэрхэн гарах бол?
-Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд уул уурхайн үйлдвэрлэл хүний амьдралд ямар нөлөө үзүүлж байгааг анхаарч ажиллалаа. Энэ зун найман аймгийн 15 суманд хяналт шалгалт, судалгааны ажлыг хийсэн. Шалгалтыг иргэний нийгмийн байгууллагатай хамтран хийсэн бол судалгаа шинжилгээг мэргэжлийн судалгааны байгууллага гүйцэтгэсэн. Судалгаанаас үзэхэд уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор хүний эрх зөрчигдөж байгаа асуудлууд харагдаж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр энэ сарын 10, 11-нд олон улсын хурал зохион байгуулах гэж байна. Хурлаар уул уурхайг хөгжүүлэхдээ орон нутгийн иргэдийн асуудлыг онцгойлон анхаарч, үүнд төр засгийн бодлого шаардлагатай байгаад анхаарлаа хандуулна. Бид энэ хурлаар аль нэг компанийг буруутгаж, уул уурхайн хөгжлийг үгүйсгэхгүй. Харин уул уурхайг хөгжүүлэхдээ хүний эрхийг авч үзэж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх гарц, шийдлийг олох юм. Сүүлийн жилүүдэд уул уурхай Монгол оронд эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор олон хурал, зөвлөгөөн, шийдвэрүүд гарч байсан. Харин энэ жил анх удаа уул уурхайн бизнес дэх хүний эрхийн асуудлыг тусгайлан ярилцах гэж байгаараа онцлог. Бидэнд уул уурхайн үйлдвэрлэл хэрэгтэй. Гэхдээ Монгол хүн идээшин дассан нутаг, бэлчээрээсээ хагацах хэмжээнд хүртлээ байлгаж болохгүй гэх асуудлыг тавьж байна.
-Уг хурлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулна гэсэн. НҮБ-тай хамтарч ажилласнаараа тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд дөхөмтэй юу?
-НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг их хэрэгтэй байгаа. Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс анх удаа монголын байгууллагаар 500 мянган ам.долларын төсөл хэрэгжүүлэх гэж байна. Энэ төслийн хүрээнд уг хурлыг зохион байгуулах юм. НҮБ-ын Бизнес ба хүний эрх ажлын хэсэг ирж ажиллаж, илтгэл тавина. Мөн олон улсын байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар дэмжиж байгаа. Тиймээс Уул уурхайн сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Хөдөлмөрийн сайд оролцож илтгэл тавих болно. Түүнчлэн иргэний нийгмийн байгууллагууд, уул уурхайн компаниуд, уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа бүс нутгийн иргэд, малчид оролцоно.
-Хяналт, шалгалтад ямар аймгуудыг хамруулав. Хүний эрхийг зөрчиж байгаа тохиолдол хэр байна вэ?
-Дорноговь аймгийн Айраг, Өвөрхангай аймгийн Уянга, Төв аймгийн Заамар, Дундговь аймгийн Баянжаргалан, Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд, Цогтцэций, Цагаан овоо, Гурван тэс, Баянхонгор аймгийн Баян-Уул, Бөмбөгөр, Говь-Алтай аймгийн Чандмань, Бигэр, Цээл, Ховд аймгийн Дарви сумдад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд дээр ажиллаж, тухайн нутгийн иргэдтэй уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг судаллаа. Говийн бүс нутагт ажиллахад нийтлэг харагдаж байгаа асуудал бол тоосжилт, усны хомсдол байна. Уул уурхайн тээвэрлэлттэй холбоотойгоор үүссэн тоосжилтоос болж иргэд эрүүл мэндээрээ хохирч байна. Мөн олон тооны суваг шуудуйд хүн мал унаж, осолдох, амь насаа алдах, бэртэж гэмтэх тохиолдол ч гарч байгаа. Нүүдлийн мал аж ахуй, соёл иргэншил хүнд байдалд орлоо. Малчид өвөлжөөний газартаа эзэмшлийн гэрчилгээтэй байдаг. Гэтэл эзэмшлийн гэрчилгээтэй мөртлөө уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрөлд газраа алдаж, уламжлалт хэв маягаараа амьдрах нөхцөлгүй болж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын эрхзүйн актад дурьдсаны дагуу "Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой”. Эрүүл аюулгүй орчин гэдэг бол маш том ойлголт. Мөн байгалийн тэнцвэр алдагдахаас сэргилйэх хэрэгтэй. Гэтэл Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Баянхонгор, Ховд гээд баялаг ихтэй өмнөд хэсэгт овортой ашигт малтмал ашигласнаас болж эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөж байна. Тэр ч бүү хэл Монгол хүний амьд явах эрх зөрчигдөж байна. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэж, арга замыг нь тодорхойлох шаардлагатай.
-Тулгамдаж байгаа асуудалд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна?
-Наад зах нь нүүлгэн шилжүүлэлтэд өртлөө гэхэд нөхөн төлбөрийн асуудал яригдана. Гэтэл одоогоор нөхөн төлбөрийг ямар байдлаар олгох аргачлал байдаггүй. Үүнээс болж уул уурхайн компаниуд малчидтай тохиролцох, эсвэл аль хүчтэй талын мэдлээр шийдэж байна. Тиймээс тодорхой аргачлалыг төр засгаас гаргаж өгөх хэрэгтэй. Бизнес эрхлэгчдэд тодорхой стандарт шаардлага тавъя. Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсийг Гашуунсухайт хүртэл зөөж байгаа. Гашуунсухайтаас 20 км-ийн наана нүүрсээ буулгаад, буцаагаад ачдаг Цагаан хад гэдэг газар бий. Энэ хооронд хүн битгий хэл байгальд тэсвэртэй амьтан хүртэл амьдарч чадахгүй орчинд байна. Дээр нь Гурван тэс, Цээл сумын нөхцөл байдал хэцүү болсон. Ингээд яваад байвал Монгол хүний олон зуун жилийн туршид нүүдлийн мал аж ахуйгаар тээж ирсэн соёл устаж үгүй болох нь. Уул уурхай иргэдэд хүндээр нөлөөлж байна гэж ярьдаг ч байдал дээрээ ямар байгааг сайн мэдэхгүй байгаа. Тиймээс бид Улаанбаатарт тулгамдаж буй асуудлыг шийддэг шигээ дуугарч чадахгүй байна. Улаанбаатарт барилга дээрээс хүн унаж нас барахад бид бүгдээрээ шуугилаа. Гэтэл говьд хэдэн хүн нас барж байгааг мэдэх хүн байна уу. Хоёр хүүхэд нь усанд унаж, нэг хүүхэд нь уурхайн тавьсан далангаас болж мотоциклтойгоо онхолдож нас барсан гээд гурван хүүгээ алдсан эхийн нулимсийг хэн харсан юм. Бид энэ зун явахдаа үүнтэй холбоотой бичлэгийг хийгээд ирсэн. Тэнд болж байгаа гамшгийн гэмээр зүйлийг бид мэдэхгүй л байгаа. Өнөөдөр нийслэлчүүдэд тулгамдаж байгаа асуудлыг бид бүгдээрээ мэдэж, тэдний талд дуу хоолойгоо нэгтгэж байна. Тэгвэл олон мянган жил идээшиж ирсэн нутгаас нь хөөгөөд, нөхөн олговор гэж жаахан юм өгөөд, гэрийг нь тойруулж уул уурхай эрхлээд, нүүхээс аргагүй байдалд хүргэж байгааг олон нийт, төр засаг мэдэхгүй байна. Тиймээс үүнийг олон нийтэд хүргэж, төр засгийн төвшинд шийдүүлэх хэрэгтэй байгаа юм. Улаанбаатарын утааны талаар бүх хүн дуугарч байна. Ерөнхийлөгчөөсөө эхлүүлээд хэлд орсон хүн бүр шүүмжилсэн. Тиймээс л үүний дагуу тодорхой ажлууд хийгдэж байгаа. Гэтэл тэр их тоосжилтонд амьдарч байгаа иргэдийн талаар анхаарах хүн алга. Уг нь энэ талаар төрийн, иргэний нийгмийн байгууллагууд олон судалгаа хийсэн ч нийтэд хүрээгүй. Тиймээс энэ бүгдийг нэгтгээд Засгийн газар, ТББ, Олон улсын хүний эрхийн байгууллагатай нэгдээд асуудлыг гаргаж тавьж, шийдэх хэрэгтэй.
М.Ариунсувд
Эх сурвалж: www.mminfo.mn