• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Каритас Чех Репаблик ТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Яна Зилковаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан 2021 оны 3 дугаар сарын 23-нд Каритас Чех Репаблик ТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Яна Зилкова, төслийн менежер Л.Дэлгэрмаа нарыг хүлээн авч уулзав.

Каритас Чех Репаблик ТББ нь төрийн бус, ашгийн бус байгууллага бөгөөд Праг хотод төвтэй, 2006 онд Монгол Улсад анхны төслөө хэрэгжүүлж, 2007 онд Монгол дахь суурин төлөөлөгчийн газраа байгуулсан. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран хорих ангиудад хүний эрхийн сургалт, нөлөөллийн ажиллагааг явуулж байсан туршлагатай.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд нь 4 сарын өмнө томилогдож, Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. ХЭҮК-оос хэтийн болон ойрын стратеги төлөвлөгөөг боловсруулан олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хүртээмжтэй, үр дүнтэй болгох, бодлогын түвшинд шийдвэрлэх олон ажлыг эхлүүлээд байгааг Ж.Хунан гишүүн танилцуулаад хүний эрхийн чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй гэсэн юм.

ок2.jpg

ок1.jpg

Мөн ХЭҮК 21 аймагт төлөөлөлтэй тул тэднээр дамжуулан орон нутагт үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжтой. Тухайлбал, Суурин төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах төслийг дэмжиж ажиллаж болох юм гэв. Хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийн цахим номын санг ажиллуулах, цахим орчин дахь ялгаварлан гадуурхалтын талаар хүүхэд, залуучуудад зориулсан контент бэлтгэж ажиллах санал тавилаа.

Каритас Чех Репаблик байгууллага нь хог хаягдлын менежмент, дахин боловсруулалт болон хүүхэд, залуусыг хөгжүүлэх, залуучуудын хөгжил оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ыг чадавхжуулах, сүлжээ үүсгэх төслийг хэрэгжүүлж байгааг Суурин Төлөөлөгч Яна Зилкова танилцууллаа.

Талууд энэ удаагийн уулзалтаар харилцан мэдээлэл солилцож, цаашид “Бүгд залуусын төлөө, залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.