• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын гишүүд ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаныхантай уулзлаа

ХЭҮК-ын гишүүн С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга Б.Нандинболор болон бусад албаныхантай уулзаж, (2022.06.21) хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцлаа.

Уулзалтаар Комиссын гишүүн С.Дондов Монгол Улс Азидаа Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг анхлан баталж өнгөрсөн жилийн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хүрээнд бий болж буй хүний эрх хамгаалагчийн хороонд гомдол гаргаж, мэдээлэл ирүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах боломж бүрдсэн гэдгийг хэллээ.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн “Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр”-ийг тохиолдуулан энэ сарын 24-ний өдөр зохион байгуулж буй мөрдөн шалгах, мэдээлэл цуглуулах ажиллагаанд үр дүнтэй ярилцлага хийх “Мендезийн зарчим”-ыг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэгт ШШГЕГ-ын төлөөллийг оролцохыг албан ёсоор урихын зэрэгцээ, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны зорилго, зорилт, онцлогийн талаар сонирхсон асуултад хариулт өглөө.

Өнгөрсөн онд ШШГЕГ-ын харъяа хорих ангиудад ХЭҮК-оос хяналт шалгалтыг хийж, хорих ангидуын хяналтын камергүй хэсгүүдийг камержуулах, орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр зөвлөмж чиглэл өгсөн. Энэ дагуу хорих ангиудын 70 гаруй цэгт шинээр камер суурилуудаад байна. Хорих ангиудын хувьд орон байр, ахуйн нөхцлийн асуудалд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг ШШГЕГ-ын удирдлагын зүгээс хүссэн юм.