• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын гишүүн П.Оюунчимэг Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудад албан томилолтоор ажиллалаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын баталсан удирдамжийн дагуу 2016 оны 5 дугаар сарын 8-наас 19-ний өдрүүдэд Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудад албан томилолтоор ажиллалаа. Уг томилолтын хүрээнд Зэвсэгт Хүчний Жанжин Штабын харьяа Зэвсэгт хүчний 339, 325 дугаар ангиудад ажиллаж буй албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт, судалгаа хийж, аймгуудын Засаг даргын тамгын газар, түүний харьяа агентлагуудын удирдлагуудтай уулзаж тухайн аймагт хөдөлмөрлөх эрх, хүүхдийн эрхийн нөхцөл байдал ямар байгаа талаар санал солилцож, судалгаа, мэдээллийг авсан байна. Комиссоос Монгол Улсын Үндсэн хууль, хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенцоор баталгаажсан хүүхдийн эсэн мэнд амьдрах, сурч боловсрох, хөгжих, оролцох, хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд судлан тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн цаашид авах арга хэмжээний санал зөвлөмжийг боловсруулах, Зэвсэгт хүчний Жанжин Штабын харьяа анги байгууллагад ажиллаж буй албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт, судалгааны дүнг нэгтгэн жил бүр Монгол Улсын Их Хуралд өргөн барьдаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлдээ тусгах юм.