Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан
ажлын хэсэг 2016 оны 5 дугаар сарын 20-оос эхлэн Хэнтий, Дорнод аймгуудад албан
томилолтоор ажиллаж байна.
Уг томилолтын хүрээнд Хэнтий, Дорнод аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн
дарга, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, хөдөлмөрлөх эрхийн
хэрэгжилтийн нөхцөл байдлын талаар санал солилцож мэдээлэл авсан байна.
Түүнчлэн дээрх аймгуудын Засаг даргын тамгын газрын дэргэдэх Хүүхэд, гэр бүл
хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн
байгууллагын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулжээ.
Яг одоо тус ажлын хэсэг Хил
хамгаалах Ерөнхий Газрын харьяа Хилийн цэргийн 0132 дугаар анги, Зэвсэгт Хүчний
Жанжин Штабын харьяа Зэвсэгт хүчний 327, 325 дугаар ангиудад хугацаат цэргийн
алба хаагчдын эрхийн хэрэгжилт, тухайн ангийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн
хэрэгжилтэд хяналт шалгалт, судалгаа хийж байгаа аж.
Комиссоос Монгол Улсын Үндсэн хууль, хууль, Хүүхдийн эрхийн тухай
конвенцоор баталгаажсан хүүхдийн эсэн мэнд амьдрах, сурч боловсрох, хөгжих,
оролцох, хамгаалуулах эрх, цэргийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн
хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт, судалгааны дүнг нэгтгэн жил бүр Монгол Улсын
Их Хуралд өргөн барьдаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх
16 дахь илтгэлдээ тусгах зорилгоор дээрх ажлуудыг хийж байгаа бөгөөд маргааш
Сүхбаатар аймагт ажиллах юм.