Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Сэтгүүлчдийн эвлэл хамтран ажиллах Санамж бичгийг 2014 оны 2 дугаар сарын 21-нд байгуулав. Тус бичигт ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Энэхүү Санамж бичиг нь Үндсэн хууль болон манай улсын нэгдэн орсон хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх, сахин хамгаалах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг зөрчих илрэлүүдийг гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хамтран ажиллах зорилготой юм.
Хоёр жилийн хугацаатай байгуулсан тус бичгийн хүрээнд сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх, аюулгүй байдал, эх сурвалжаа нууцлах зэрэг асуудлаар эрхийг хамгаалах, НҮБ-ын Хүний эрхийн хорооны 25 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх, хүний эрхийн сургалт зохион байгуулах болон хэвлэн нийтлэх явцдаа хүний эрхийг зөрчих, иргэдийн мэдэх эрхийг зөрчих зэрэг үйлдлээс урьдчилан сэргийлэх, судалгаа, мониторингийн ажил зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.