• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Монголын хорих байгууллагуудад хүний эрх болон ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийг дэмжих" төслийн хүрээнд хорих байгууллагын ажилтнуудыг хүний эрхийн сургалтад хамрууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Каритас Чех байгууллагаас хэрэгжүүлсэн "Монголын хорих байгууллагуудад хүний эрх болон ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийг дэмжих" төслийн хүрээнд 2014 оны 4 дүгээр сарын 10-наас 2014 оны 6 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд ШШГЕГ-тай хамтран тус газрын харъяа бүх төвлөрсөн хорих ангиудын албан хаагчдад хүний эрхийн сургалт зохион байгуулж ажиллалаа. Төслийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, үйл ажиллагаагаа хүний эрхэд суурилсан арга зүйгээр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хүний эрхийн сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнууд Улаанбаатар хот болон орон нутаг дахь хорих ангиудад зохион байгуулсан юм. Сургалтаар "Хүний эрхийн үндсэн ойлголт, зарчим", "Хүний эрхэд суурилсан хандлага, арга зүй", "Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах асуудал", "Эрүү шүүлтээс ангид байх эрхийн асуудал", "Хоригдлын албадан хөдөлмөрөөс ангид байх эрхийн асуудал", "Онцгой зэрэглэлд хамаарах хоригдлуудын асуудал", "Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх үед хүний эрхийг хангах нь", "Хорих байгууллагын ажилтны ёс зүй, үүрэг хариуцлага" зэрэг сэдвүүдээр хүний эрхийн хичээл зааж, холбогдох ном сурах бичиг, гарын авлагаар хангалаа.