• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдлагуудтай уулзав

ХЭҮК-ын гишүүн С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар Монголын Өмгөөлөгчдийн Холбоо (МӨХ)-ны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, МӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Баатарсайхан нартай уулзаж, (2022.06.20) хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.

Уулзалтаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн “Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр”-ийг тохиолдуулан энэ сарын 24-ний өдөр зохион байгуулж буй мөрдөн шалгах, мэдээлэл цуглуулах ажиллагаанд үр дүнтэй ярилцлага хийх “Мендезийн зарчим”-ыг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэгт Монголын өмгөөлөгчдийн холбооны төлөөллийг оролцон, байр сууриа илэрхийлнэ үү хэмээн албан ёсоор урив.

IMG_9403.JPG

Энэ үеэр Комиссын гишүүн С.Дондов өмгөөлөгч хүний эрх хамгаалагч болохын хувьд Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд бий болж буй хүний эрх хамгаалагчийн хороонд гомдол гаргаж, мэдээлэл ирүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах боломж бүрдэж байгааг онцлов. Хүний эрхийн хороо нь зургаан гишүүнтэй ажиллах бөгөөд, хүний эрх хэрхэн зөрчигдөж буйд дүгнэлт гаргаж, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүргүүлэн ажиллах эрх зүйн зохицуулалттай юм.

Уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдлагууд тус байгууллага нь 23 салбар зөвлөл, бүртгэлтэй 3256 өмгөөлөгч байдгаас улсын өмгөөлөгч Монгол Улсын хэмжээнд 52 байдаг талаар мэдээлэл өгч, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнийхээ талаар танилцууллаа.