• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол улсад 5-17 насны зургаан хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байна

Жил бүрийн 6 дугаар сарын 12-нд Хүүхдийн хөдөлмөрийг устгах дэлхийн өдөр тохиодог. Энэ өдрийг угтан ОУХБ-ын санаачлагаар “Хүүхдийн хөдөлмөрийг устгая” цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Монгол дахь Суурин Зохицуулагч Тапан Мишра, Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Траян Лауренцю Христа, ОУХБ-ын Монгол, Хятад улсыг хариуцсан Товчооны Дэд захирал Дай Шиаочу, Монголын Ажил Олгогч Эздийн Холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар оролцлоо.

ОУХБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2021 онд хамтарч хийсэн судалгаагаар дэлхий даяар хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо анх удаагаа 160 сая болж өсчээ. Энэ нь 10 хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн үг юм. Мөн тэдний 79 сая буюу тал хувь нь хүнд хортой нөхцөлд хөдөлмөр эрхэлж байгааг судалгаанд дурджээ. Монгол улсын хувьд 2000-аад онд аюултай ажил эрхэлж буй хүүхдүүдийн тоо 4 дахин буурсан дүнтэй байсан бол сүүлийн жилүүдэд эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож буй 10-14 насны хүүхдүүдийн тоо нэмэгджээ. Судалгаагаар 5-17 насны зургаан хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлдэг, тэр дундаа хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбарт аюултай ажил хөдөлмөр эрхлэх нь түгээмэл байна.

Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт дэлхий даяар нэмэгдэж, тэвчишгүй хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тоо өндөр байгааг анхаарч, цаашид хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг устгах асуудлыг хэлэлцүүлэгт оролцогч талууд хөндөж, оролцогч байгууллагуудаас гаргасан ил захидлыг олон нийтэд танилцууллаа. Ил захидалд албан хөдөлмөр, орчин үеийн боолчлол, хүний наймаа, хүүхдийн хөдөлмөрийг дэлхийн даяар устгахын төлөө Тогтвортой хөгжлийн зорилт 8.7-г хэрэгжүүлэхэд чиглэсэн Дэлхийн түншлэлд нэгдэж, амлалт авч, хэрэгжүүлэхийг Засгийн газар, бизнес эрхлэгчид, ард иргэдээсээ хүсч буйг дурджээ.

199860300_1214395612329965_960498985488807759_n.png

199860300_1214395612329965_960498985488807759_n.png