• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Их Хурлын дарга Г. ЗАНДАНШАТАР: ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ, ЗӨРЧИГДСӨН ЭРХИЙГ СЭРГЭЭН ЭДЛҮҮЛЭХ НЬ ТӨРИЙН ҮҮРЭГ

Эрхэм хүндэт хүний эрх хамгаалагчид аа!

Эрхэм зочид, хатагтай, ноёд оо!

Та бүхэнд Хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг дэвшүүлье.

Энэхүү форумыг ивээлдээ авч, дэмжсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, зохион байгуулагч Хүний эрхийн Үндэсний комисс, форумд оролцож байгаа нийт хүмүүст Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Олон Улсын Парламентын Холбоо хүний эрхийг хамгаалах нь өнөө үеийн парламентын нэн чухал чиг үүрэг мөн хэмээн тунхагласан билээ.

Энэхүү үүргээ парламент хүний эрхийг хамгаалах эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, хүний эрхийг хамгаалах үйл хэрэгт хангалттай хөрөнгө хуваарилах, улмаар хянан шалгах чиг үүргийнхээ хүрээнд хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаад гүйцэтгэх болон шүүх засаглал, нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх замаар хэрэгжүүлдэг.

Энэ хүрээнд Улсын Их Хурлаас “Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай” хуулийг нийгмийн хөгжлийн хурд, хувьсал, хүний эрх хамгаалах үндэслэл, шаардлагад нийцүүлэн 2020 оны нэгдүгээр сард шинэчлэн баталсан.

Энэ онд “Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийг баталж, ХЭҮК-ын дэргэд Эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн болон Хүний эрхийг хамгаалагчийн асуудал эрхэлсэн хоёр нэгжийг ажиллуулахаар болсон.

Шинэчлэн найруулсан хуулийн үзэл баримтлалд тулгуурлан Комиссын гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар, олон нийтийн хяналт дор томилсон нь шинэ жишиг боллоо. Түүнчлэн тус байгууллагын хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор 2022 оны төсвийг нэмэгдүүлэн баталлаа.

2006 оноос хойш Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцээгүй байсан бол 2019 онд 18 дахь илтгэлийг, 2021 онд 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэн, Улсын Их Хурлын тогтоол баталж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Энэ удаагийн Улсын Их Хурал “Хүний эрхийг дээдэлсэн парламент” байхаа зарласан. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад хүний эрхийн талаас нь үнэлгээ дүгнэлт хийж эхэлсэн. Энэхүү үнэлгээгээр 318 хуулийн 800 гаруй заалт хүний эрхийг зөрчсөн байгааг тогтоосон. Эдгээрийг засаж өөрчлөх ажил бидний бүрэн эрхийн хугацаанд хийгдэж дуусах ёстой.

Мөн өргөн баригдаж буй хууль, тогтоолын төсөлд хүний эрхийн дүн шинжилгээ хийх аргачлалыг Улсын Их Хурлын Тамгын Газраас боловсруулж байна. Энэхүү аргачлал бий болсноор хүний эрхэд суурилсан хууль тогтоох зорилго маань амжилттай хэрэгжих нэг нөхцөл бүрдэнэ.

Ямагт байгууллагын, албан тушаалтны эрх ашигт нийцүүлж хууль баталдаг байсан өнгөрсөн зууны практикийг халах цаг нэгэнт болсон гэж бид үзэж байна.

Засаг, төрийн эрхийг барьж буй МАН хоёр хоногийн өмнө 30 дахь Их Хурлаа хийж, Шинэ зууны дэвшилтэт бодлогоо тодорхойлохдоо тэргүүн чиглэл нь Хүний эрхийг дээдлэх явдал хэмээн тунхаглаж, хүний үндсэн эрхийг бүрэн дүүрэн, бодитой хэрэгжүүлэх улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлж, хуульчлан хамгаалахаа илэрхийллээ.

Энэ бүхэн бол Монгол Улсад хүний эрхийг хангах, хамгаалах зорилгод төр засаг, түмэн олон, улс төрийн нам нь хүртэл нэгдэж байгаагийн илэрхийлэл юм. Одоо гагцхүү бодит үр дүн л бидэнд хэрэгтэй.

Хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь төрийн үүрэг бөгөөд үүргээ биелүүлэх ташуур нь иргэдийн дуу хоолой, хяналт юм. Иймд үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэд, олон нийтийн оролцоо нэн чухал гэдгийг, ийм оролцоог хангахын төлөө бүх түвшинд үйл ажиллагаагаа нэгтгэх ёстойг Та бүхэндээ хандан, зориуд тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.

_MG_9118.jpg

Хүндэт төлөөлөгчид өө.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөөг тусгасан байдаг.

УИХ хууль батлахдаа, Засгийн газар шийдвэр гаргахдаа, Шүүх хэрэг маргааныг таслан шийдвэрлэхдээ, байгууллага, албан тушаалтнууд үйл ажиллагаандаа энэ 18 эрхийг л ёсчлон хангаж байх ёстой. Хүний эрхийг хамгаалах, иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээх Үндсэн хуулиар тогтоосон үүрэг бүх байгууллагад, нийт иргэдэд хамаатай.

“Хүний эрхийг зөрчих явдал улс орны хуулийн эрх мэдлээс гадуур сансар огторгуйд бус, харин улс орны дотоодод, голчлон төр засаг, иргэдийн хооронд үүсдэг” гэж Харвардын их сургуулийн профессор, хүний эрхийн судлаач Хэнри Ж.Штайнер хэлсэн байдаг.

Хүний эрхийг хангах төрийн үүрэг нь хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хууль болон бусад хуульдаа тусгаж, хүний эрхийн асуудлаарх олон улсын гэрээнд элсэн орсноор хязгаарлагдах ёсгүй ээ.

Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө нь үндэсний болон олон улсын эрх зүйгээр бүрэн хамгаалагдаж чадаж байгаа эсэх нь юуны өмнө анхаарах хүчин зүйл мөн. Үүний хамт гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хязгаарлах эрсдэл гарахаас сэрэмжлэх чадавхийг бүрдүүлэх ёстой. Хүний эрх зөрчигдсөн тохиолдолд эрхийг нь сэргээх шударга шүүхийн тогтолцоо ажиллаж чадаж байгаа эсэх нь өөр нэг чухал асуудал юм.

Энэ бүхнийг бүрэн төгс хэрэгжүүлж чадсан цагт л Монгол төр монгол хүнийхээ эрхийг хангаж, хамгаалж чадаж байна гэж үзэж болно.

Шүүн таслах үйл ажиллагааны явцад хүний эрх зөрчихөөс сэргийлэх нь маш чухал байгааг зарим үйл явдал, бодит жишээ баримт бидэнд хангалттай ухааруулсан.

Тиймээс Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөө хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шүүхийн тухай багц хуулийг батлан, хэрэгжүүлж эхэлсэн. Шинэчлэн батлагдсан Шүүхийн тухай хуулийн дагуу саяхан гишүүд нь томилогдсон Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны үүрэг хүний эрхийг хангахад чухал нөлөөтэйг зориуд анхааруулж хэлье.

Хүний эрхийг хүндэтгэх, хөхиүлэн дэмжих, хамгаалах, хангах нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссыг оролцуулан иргэн бүр, мөн төрийн нэрийн өмнөөс алба хашиж буй аливаа албан тушаалтан нэг бүрийн анхаарч, сахиж явах үүрэг, хариуцлага юм.

Энэхүү форумд оролцогч та бүхэн хүний эрхийг хүндэтгэн дээдлэгч, сахин хамгаалагч, түгээн дэлгэрүүлэгч, энэ үйл хэргийг манлайлагч байгаасай гэж хүсэж байгаагаа энэ дашрамд илэрхийлье

Дэлхий нийтээрээ амаргүй цаг үеийг туулж байгаа энэ үед хүмүүс бид өөрийн эрхийг шаардахын хамт бусдын эрхийг хүндэтгэх зарчмыг баримталж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, бусдыг ялгаварлан гадуурхахгүй байх, аливаад хариуцлагатай хандахыг эрхэмлэх ёстой. Энэ нь та бидний хүний эрхийн төлөөх үйлсэд оруулах хамгийн чухал хувь нэмэр юм.

Хүн бүр төрөхөөсөө насан эцэслэх хүртлээ эрх чөлөөтэй, эрхийн хувьд адил тэгш байх учиртай. Хүний эрх гэдэг бол жам ёсны, зүй ёсны ойлголт. Хүний эрхийг хүндэтгэн дээдэлж, эрх чөлөөт нийгмийг бүрдүүлэх нь Монгол эх орны маань хөгжин дэвших нэгэн баталгаа юм.

Тиймээс Монгол Улсад хүний эрхийн соёлыг хэвшүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээхийг уриалъя.

Форумаас хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр олон чухал шийдэл, санаачилга, шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна.

Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.