Ази Номхон Далайн бүс нутгийн хүний эрхийн
үндэсний байгууллагуудын чуулганы ээлжит 20 дугаар хурал ба
хоёр жил тутмын бага
хурлын хоёр дахь өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ази Номхон Далайн Чуулганы Удирдах зөвлөлийн гишүүдийн ээлжит хурал болсон юм. Тус бага
хурлыг Ази Номхон Далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын
Чуулганы дарга, Катар
Улсын Хүний эрхийн Үндэсний Хорооны дарга, Доктор Али Бин Смайх Аль-Марри нээж
хуралдааныг даргалав.
Ази Номхон Далайн Чуулганы дүрэм ёсоор Удирдах Зөвлөлийн
хурлыг зохион байгуулж буй Хүний эрхийн Үндэсний Байгууллагын дарга нь АНДЧ-ны даргаар 2 жил сонгогдон
уламжлалтай. Тиймээс Монгол Улсын
Хүний эрхийн Үндэсний Комисс 2015 оноос 2017 он хүртэл АНДЧ-ыг тэргүүлэн ажиллахыг албан ёсоор
баталгаажуулж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийг
чуулганы даргаар сонголоо.
Ийнхүү Монгол Улсын Хүний эрхийн
Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Ази Номхон Далайн Чуулганы Удирдах зөвлөлийн гишүүдийн ээлжит хурлыг даргалж,
хуралдааныг үргэлжлүүлэв.
Мөн энэхүү чуулганы даргаар сонгогдсон байгууллага нь дүрэм ёсоор Олон
улсын зохицуулах хорооны удирдах
байгууллага болох Товчооны гишүүн болдог юм.
Үдээс өмнөх хуралдаанаар бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудаас
Олон улсын зохицуулах хорооны Магадлан итгэмжлэх дэд хороонд нэр дэвшүүлэх, мөн
Олон улсын зохицуулах хорооны Бизнес ба хүний эрхийн ажлын хэсгийн гишүүдийн
бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан Ази Номхон Далайн бүсийн
хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулганы зүгээс нэг хүний эрхийн үндэсний
байгууллагын төлөөллийг нэр дэвшүүлэн сонгох, дараагийн Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний
эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы
ээлжит 22 дугаар хурал болон хоёр жил тутмын Бага
хурлыг зохион байгуулах Хүний эрхийн
үндэсний байгууллагыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Олон улсын зохицуулах хорооны Магадлан итгэмжлэх дэд хорооны гишүүнээр
томилогдсоноор Олон улсын зохицуулах хорооны товчооны бүс нутгийг толгойлох
дөрвөн гишүүний нэгээр шууд томилогддог учраас тухайн хүний эрхийн үндэсний
байгууллагын олон улсын хэмжээнд үзүүлэх нөлөөлөл чухал ач холбогдолтой юм.
Ийнхүү Иорданы Хашимитын Вант Улсын Хүний эрхийн үндэсний төвийн Ерөнхий
Комиссар, Доктор Муса Бурайзатыг Олон улсын зохицуулах хорооны Магадлан
итгэмжлэх дэд хорооны гишүүнээр сонгон баталлаа.
Олон улсын зохицуулах хорооны Бизнес ба
хүний эрхийн ажлын хэсгийн гишүүнд Катар Улсын Хүний эрхийн Үндэсний Хорооны
дарга, Доктор Али Бин Смайх Аль-Марри, Австрали
Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Жиллиан Триггс нар тус тус нэрээ
дэвшүүлсэн байсан боловч хуралдааны үеэр танхимаас нэрээ шууд дэвшүүлэх санал
байгаа эсэхийг хуралдаан даргалагч асуухад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний
Комиссын гишүүн П.Оюунчимэг нэрээ дэвшүүлэв.
Ийнхүү нэрээ дэвшүүлэхдээ Олон улсын
зохицуулах хорооны Бизнес ба хүний эрхийн Ажлын хэсгийн үйл ажиллагаанд бизнес
ба хүний эрхийн асуудал Монгол Улсад шинэ тутам тулгамдан гарч буй бөгөөд
ялангуяа уул уурхайн бизнесээс үүдэлтэй эерэг сөрөг нөлөө зөвхөн эдийн засаг,
ард түмний амьдралд тулгамдсан асуудал төдийгүй эрүүл аюулгүй орчинд амьдрах,
байгалийн тэнцэл алдагдах зэрэг хүний эрхийн олон асуудалд нөлөөлөх болсон тул
Монгол Улс хүний эрхийн үндэсний байгууллагуудыг төлөөлөн энэ ажлын хэсэгт орж
ажиллах нь Монгол Улс дахь бизнес ба хүний эрхийн нөхцөл байдалд чухал нөлөөтэй
болохыг цохон тэмдэглэсэн.
Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний
Комиссоос бизнес ба хүний эрхийн чиглэлээр хийж байгаа үйл ажиллагааны сайн
туршлагыг бүс нутаг болон олон улсын хэмжээнд бусад хүний эрхийн үндэсний
байгууллагуудтайгаа харилцан туршлага солилцон хамтран ажиллахаа илэрхийлсэн
бөгөөд энэ удаагийн сонгуулиас Катар Улсын Хүний эрхийн Үндэсний Хорооны дарга,Доктор Али Бин Смайх Аль-Марри, Австрали
Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Жиллиан Триггс нар нэрээ татаж
авснаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг Олон
улсын зохицуулах хорооны Бизнес ба хүний эрхийн Ажлын хэсгийн гишүүнээр ажиллах
боллоо.
Хурлын дараагийн хэсэгт Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний
эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы
ээлжит 22 дугаар хурал болон хоёр жил тутмын Бага
хурлыг зохион байгуулах эрхийг
авахын төлөө Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Хүний эрхийн
Үндэсний Комисс нэрээ дэвшүүлсэн байсан ба хурлын үеэр танхимаас нэр дэвшүүлэх
санал байгаа эсэхийг Ази Номхон Далайн бүс нутгийн
Хүний эрхийн үндэснийбайгууллагуудын Чуулганы дарга
Ж.Бямбадорж асуухад Лалын
Шилжилтийн Афганистан Улсын Хүний
эрхийн Хараат бус Комисс, Бүгд Найрамдах Филиппин Улсын Хүний эрхийн Комисс нэрээ дэвшүүлэв.
Ази
Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы Удирдах
зөвлөлийн гишүүдийн нууц санал хураалтаар Лалын
Шилжилтийн Афганистан Улсын Хүний
эрхийн Хараат бус Комисс 2017 онд АзиНомхон Далайн бүс нутгийн хүний эрхийн
үндэсний байгууллагуудын чуулганы ээлжит 22 дугаар хурал ба хоёр жил тутмын бага хурлыг Кабул хотноо
зохион байгуулахаар сонгогдлоо. Мөн тус өдрийн үдээс хойшх хуралдаанаар Чуулганы
засаглалын болон дотоод үйл ажиллагааны талаарх асуудлыг хэлэлцсэн болно.