• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцлээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьдаг. "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл" нь дөрвөн бүлгээс бүрдэж, 14 дэд бүлэг, 23 санал, зөвлөмжийг агуулсан. Уг илтгэлийн нэгдүгээр бүлэгт “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал”, хоёрдугаар бүлэгт “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт”, гурав дахь бүлэгт “Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал", дөрөв дэх бүлэгт “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” гэсэн сэдвүүд багтсан.

69709d42-4356-4a0c-abd0-79bfb82afc79.jpg

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл"-ийг 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан. 20 дахь илтгэл нь дэлхий нийтэд нүүрлэсэн КОВИД-19 цар тахлын аюулын нөхцөл байдалд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хүний эрхийг хангах, хамгаалах, хүний эрхэд суурилж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх “КОВИД-19 цар тахал ба хүний эрх” гэсэн сэдвийн хүрээнд боловсруулснаараа онцлогтой. Нийтдээ 6 бүлэг, 29 дэд бүлгээс бүрдэж, үүнд үндэслэн 40 саналыг хууль тогтоогчдод хүргүүлээд байна. Илтгэлийн нэгдүгээр бүлэгт “Амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх”, хоёрдугаар бүлэгт “Зорилтот бүлгийн эрх”, гуравдугаар бүлэгт “Иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөө” дөрөвдүгээр бүлэгт “Эдийн засаг, нийгэм соёлын эрх”, тавдугаар бүлэгт “Төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх”, зургаадугаар бүлэгт “Туслах малчдын хүний эрхийн хэрэгжилт” гэсэн сэдвүүд багтаж байна.

Илтгэлийг ХЭҮК-оос хийсэн хяналт, шалгалт, судалгаа, иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл болон Комиссын гишүүдийн шаардлага, зөвлөмж, Засгийн газар, холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага болон бусад судлаачдын хийсэн судалгаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийж боловсруулсан юм.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг ирэх өдрүүдэд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

31727081-dea7-457f-8b82-9026ef3d36d8.jpg