• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл” ном болж хэвлэгдлээ

Монгол Улс дахь Хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь удаагийн илтгэлийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2013 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар хэлэлцэж, Улсын Их Хуралд 2013 оны 4 дүгээр сарын 5-нд өргөн барьсан билээ. Илтгэлийг ном болгон хэвлүүлж, УИХ-ын гишүүд болон Засгийн газрын холбогдох яамд, албан тушаалтнуудад хүргүүлээд байна. Энэ удаагийн илтгэлд хүний эрхийн дараах асуудлыг тусгасан юм. 1. Уул уурхайн салбар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа боловч хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр байгаль орчин доройтож, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, эрүүл мэндээ хамгаалуулах, газар эзэмших, өмчлөх, аж ахуй эрхлэх болон соёлын эрх ноцтой зөрчигдөх боллоо. Иймээс уул уурхайн үйл ажиллагаа хүний эрхэд хэрхэн нөлөөлж байгааг тусгайлан авч үзэв. 2. Хүүхдийн эрхийн төлөв байдлын хүрээнд сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрх, мөн хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг хөндлөө. 3. Мөн ЛГБТ хүний төрөлхийн байдлыг нь хүлээн зөвшөөрдөггүйгээс нийгмийн бүхий л салбарт ялгаварлан гадуурхагдах, бие махбод, нэр төр, хувийн нууцад халдах, гутаан доромжлох, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх явдал энгийн үзэгдэл болжээ. Өнөөдөр ЛГБТ хүмүүсийг ялгаварлан гадуурхалтад өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрх, эрх чөлөөг нь бодитойгоор эдлүүлэхэд чиглэгдсэн төрийн бодлого, үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай байгаа тул энэ асуудлыг тусгаж байна. 4. НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Хүний эрхийн хороо, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээс Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийг хүний эрхийн тодорхой асуудлын хүрээнд багцлан, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар харьяалах яамд болон Засгийн газрын бусад байгууллагаас ирүүлсэн мэдээллийг УИХ-д танилцуулахаар шийдвэрлэсэн юм. Учир нь эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх ажил урсгалаар явагдаж байгаад сэтгэл зовниж байна. Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар тодорхой асуудлаар санал хүргүүлээд байна.
"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл"-ийг эндээс уншина уу.
Үзэх