• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний талаарх 11 дэх илтгэл"-ийн тухай тогтоолыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо баталлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа "Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх илтгэл"-ийн тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн олонхийн саналаар баталлаа. Хуралдаанд Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлөн Комиссын гишүүн Ж.Дашдорж, П.Оюунчимэг нар оролцсон юм. ХЭҮК нь 11 дэх илтгэлдээ 6 зөвлөмжийг тусгасан бөгөөд Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн санал, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 11 дэх илтгэлд дурдсан санал, зөвлөмжийг үндэслэн тогтоол гаргалаа. Энэхүү тогтоолд Хүний эрхийн Үндэсний Комиссын 11 дэх илтгэлтэй холбогдуулан хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан байна. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан хууль болон зарим дүрэм, журмыг олон улсын стандарт болон үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн боловсронгуй болгох, холбогдох тогтоол, дүрэм, журамд мониторинг хийж ажиллах; Ял эдэлж буй хөгжлийн бэрхшээлтэй ялтнуудын группын хугацааг сунгах зэрэг нийгмийн халамжийн асуудлыг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх, тэдгээр хүмүүст тохирсон ажлын байр бий болгох, цалин хөлс олгох тал дээр тусгайлан анхаарах; Ялтны хөдөлмөр эрхлэх, цалин хөлс авах эрхийг хангах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх асуудлыг судалж, дэс дараатай шийдвэрлэх, ялтныг аливаа албадан хөдөлмөр, цалин хөлсгүй хөдөлмөрөөс ангид байлгахад онцгой анхаарч, ийм зөрчлийг таслан зогсоох; Цагдан хорих болон хорих байрны стандартыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр баталж улсын хэмжээнд мөрдүүлэх, аудио болон видео бичлэгийн техник хэрэгслээр бүрэн хангаж тоноглох; Гяндангийн ялтныг гадаалуулах хугацааны доод хязгаарыг нэмэгдүүлэх, жилд нэг удаа удаан хугацааны уулзалт хийлгэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; Хоригдлуудад зориулсан нийгэмшүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах тусгай өрөө тасалгаа бий болгох; Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, эмэгтэй албан хаагчийн хувьд ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид байх, тэдгээрт төрөл бүрийн дарамт учруулахаас урьдчилан сэргийлэх, аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх чиглэлээр анхаарч ажиллах; Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагыг нарийвчлан тогтоох, ажил олгогчийн буруугаас хөдөлмөрийн чадвар алдсан ажилтнуудад нөхөн олговор олгох эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ажил олгогчийн үүрэг хариуцлагыг чангатгах, ажлын байрны эрүүл, аюулгүй орчны стандартыг чанд мөрдүүлэхэд төрийн хяналтын байгууллагын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх; Хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтыг хориглох , аливаа төрлөөр ялгаварлан гадуурхаж ажилтны эрхийг хохироосон албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, хохирогчдын эрхийг хамгаалах, сэргээх, нөхөн төлбөр олгох зохицуулалтыг боловсронгуй болгох хуулийн төсөл боловсруулах; Төрийн болон хувийн хэвшлийн салбарт ажиллаж буй ажилтнууд үйлдвэрчний эвлэл байгуулах, түүнд эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалуулах, үйлдвэрчний эвлэл хөдөлмөрчдийн эрх ашгийг тууштай хамгаалах нөхцөл боломжийг бүрдүүлэх, ажил олгогчийн зүгээс дарамт, шахалт үзүүлэх хууль бус ажиллагааг хориглох үүднээс олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг боловсронгуй болгох; Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлж буй өнөөгийн тогтолцоог хянан үзэж, монгол хүний биемахбод, сэтгэл зүйн онцлог, гэр бүлийн нийгэм, эдийн засгийн байдалд нийцсэн, хүртээмжтэй, үр нөлөөтэй, чанартай хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг бий болгож хөгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх; Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн даатгалын сангаас эсхүл төсвөөс зардлыг нь санхүүжүүлэх эрх зүйн орчинг бий болгох; Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэх зэргийг ажил хэрэг болгохыг даалгасан байна.  Тогтоолын биелэлтэд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хяналт тавьж ажиллах юм. Дашрамд сонирхуулахад, ХЭҮК нь дэргэдээ иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Орон тооны бус зөвлөлтэй бөгөөд тус зөвлөлийн гишүүн, Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д. Баатаржавын тавьсан санал хүсэлтэд тулгуурлан Комисс ял эдэлж буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн группын хугацааг сунгах зэрэг нийгмийн халамжийн асуудлыг  шийдвэрлүүлэхэд анхаарч, хамтран судалгаа, хяналт шалгалт явуулсны үндсэн дээр уг асуудлыг ажил хэрэг болгуулахаар ажиллаж байна.