• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нэг цэгийн үйлчилгээний төвд ном, гарын авлага, тоглоом хүлээлгэн өглөө

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай нар 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх Гэр бүлийн хүчирхийллийн гэрч хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллаж, тус төвийн хүүхдүүдэд зориулан хүүхдийн тоглоом, ном, гарын авлага хүлээлгэн өглөө.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ХЭҮК, НЗДТГ хамтран хүүхдийн хөгжих эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж буй уг арга хэмжээ Нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүрэг дэх хүчирхийллийн гэрч, хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвд байрлах хүүхдүүдэд хүрч, хүүхдүүдийн унших ном, тоглох тоглоомыг нэмэгдүүллээ.

2021 он гарсаар нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлсэн хүүхдийн тоо давхардсан тоогоор 1300 хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.1 дахин өссөн дүн юм. Чингэлтэй дүүргийн гэр бүлийн хүчирхийллийн гэрч хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвд гэхэд он гарснаас хойш 339 хүн үйлчилгээ авсны 11 нь том хүн, үлдсэн нь хүүхдүүд байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус төвд 7 хүүхэд үйлчлүүлж байгаа бөгөөд дийлэнхи нь саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй, хоол хүнсний дутагдалтай хүүхэд байна.

Нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх хүүхдийн тоо өссөний цаана гэр бүлийн хүчирхийлэл, архидалт нэмэгдсэн, нөгөө талаас хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн гэж дүгнэж болохоор байна. Тиймээс цаашид шат шатандаа анхаарал хандуулж, хүүхэд хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй болгох, асран хамгаалагчтай холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг Комиссын гишүүд онцоллоо.

1.jpg