• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр, хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийнэ

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод тусламж үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны үйл ажиллагаанд Хүний эрхийн Үндэсний Комисс, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв хамтран хяналт мониторингийн ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар зөвшилцөж, талуудын санал солилцох уулзалт 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр боллоо.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа бөгөөд үүнийг дагаад хүчирхийллийн улмаас нэг цэгийн үйлчилгээ болон түр хамгаалах байраар үйлчлүүлэгчдийн тоо өсчээ. 2016-2018 онд жилд дунджаар 1600 хүн үйлчлүүлж байсан бол 2019 онд 2537, 2020 онд 4659 хүн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах байраар үйлчлүүлсэн байна.

Мөн Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвтэй хамтран Хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, мониторинг хийнэ. Хамтарсан баг нь гэр бүлийн гишүүдийг гэр бүлийн хүчирхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох, аюулгүй байдлыг хангаж хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг боловч үйл ажиллагааны хэрэгжилт зарим аймгуудад хангалтгүй гэж Комиссоос дүгнээд байгаа юм. Тиймээс хамтарсан багийн үйл ажиллагаанд үнэлэлт хийж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлоход хяналт шалгалтын зорилго оршиж байна. Мөн хяналт шалгалтаас гарсан үр дүнд үндэслэн цаашид үйл ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж, шаардлагыг холбогдох байгууллагад хүргүүлэх юм.

Уулзалтад ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Адъяахишиг, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн захирал Н.Арвинтариа болон бусад албаны хүмүүс оролцлоо.